Шинэтгэлийн Засгийн газрын Хууль зүйн залуу сайд Х.Тэмүүжин ганцаарчилсан тоглолтод гаршсан эрхэм. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр АН-ын багаасаа тасарч МАН-ын Ц.Мөнх-Оргил, Ногоон намын Д.Энхбат нартай хамтран “Учиртай гурван толгой” нэрээр сурталчилгаа хийж явсан. Байнга намын нөхдөө жийж ганцаарчилсан тоглолт хийдэг тул АН-ынхан өнгөрсөн УИХ-ын үеэр түүнээс зай барьж байв.
Уг нь УИХ-ын гишүүд шууд автоматаар АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн болдог. Тэгвэл Х.Тэмүүжинг ганцааранг нь ҮЗХ-ны гишүүнээс хасч байв. Бас УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр тойроггүй хоцроож байлаа. Эцэст нь залуу, ирээдүйтэй улстөрч гэж АН-ынхан өршөөж түүнийг намын жагсаалтад багтаасан юм. Өмнөх УИХ-ын үед Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржтой нохой гайхайдаа тултал хэрэлдэж Х.Тэмүүжин “гөлөг” нэртэй болсон. Ц.Нямдорж гишүүн “хөгшин нохой” гэсэн хоч зүүгээд үлдсэн.
УИХ-д орж ирээд Хууль зүйн сайд болов. Хийсэн ажил нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байрыг Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын оффис болгох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр Засгийн газраар шийдвэр гаргуулсан явдал. Орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийн барилгыг одоо оффис болгохоор ид улайрч байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр Ц.Нямдорж гишүүнд эмнэлгийн газраа авч үлдсэнд нь талархал илэрхийлээд байсан Х.Тэмүүжингийн цаад санаа нь эмнэлгийн барилгыг яамныхаа байр болгоход чиглэсэн байжээ.
Ашиг сонирхлын зөрчил байнга ярьдаг Х.Тэмүүжин сайд төрсөн дүү Х.Хулангаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Хуулийн хэлтсийн дарга болгож өөрөө сонирхлын зөрчилтэй хүн гэдгээ нотлоод байна.