logo
“Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” арга хэмжээ эхэлж байна

“Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” арга хэмжээ эхэлж байна

2012/11/26

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны 100 хоног 11 дүгээр сарын 30-нд тохионо. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” цуврал арга хэмжээ эхэлж байна. 11 дүгээр сарын 26-ны даваа гаригт 12:00 цагаас “Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Төрийн түүхийн музейд болно.

11 дүгээр сарын 27-ны мягмар гаригт “Засгийн газрын 100 хоног ба орон нутагт” сэдэвт сурталчилгааг ЗГХЭГ-аас зохион байгуулна. Энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн, Гадаад харилцааны, Сангийн,  Хууль зүйн яамд 100 хоногт хийсэн ажлын тайлангаа олон нийтэд таниулна.

11 дүгээр сарын 28-нд Барилга, хот байгуулалтын, Батлан хамгаалахын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлалын, Уул уурхайн яамд тайлангаа  танилцуулах бол мөн өдрийн 15 цагаас “11 11 төв”-д иргэд олон нийтийн санал хүсэлт, гомдол, талархлыг хүлээн авсан, шийдвэрлэсэн тухай тайлангийн нээлттэй арга хэмжээг ЗГХЭГ-аас зохион байгуулна. Энэ сарын 29-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжлийн, Нийгмийн хамгааллын, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яамд 100 хоногт хийсэн ажлын тайлангаа таниулах бөгөөд энэ өдрийн 21:00 цагаас “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” сэдэвт шууд нэвтрүүлгийг МҮОНТ-ээр зохион явуулахаар төлөвлөөд байна.

11 дүгээр сарын 30-ны 18:00 цагаас Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн нэгдсэн арга хэмжээг Соёлын төв өргөөнд 18:00 цагт зохион явуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш