logo
“Мэтгэлцээн сайн, маш сайн болсон, би маш өндөр сэтгэгдэлтэй байна” гэв

“Мэтгэлцээн сайн, маш сайн болсон, би маш өндөр сэтгэгдэлтэй байна” гэв

2012/11/26
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал зарлуулж, өнгөрсөн Баасан гарагийн орой МҮОНТВ-ээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын талаар УИХ-ын дэд дарга С.Баярцогттой хийсэн халз мэтгэлцээнтэйгээ холбогдуулан зарим мэдээлэл өгөхийн зэрэгцээ сэтгүүлчидтэй санаа бодлоо хуваалцлаа.

Тэрбээр “Мэтгэлцээн сайн, маш сайн болсон, би маш өндөр сэтгэгдэлтэй байна. С.Баярцогт гишүүн ч маш бэлтгэлтэй, сайн оролцсон. Оюутолгойн гэрээнд ард иргэдийн анхаарлыг хандуулж, гэрээний заалтууд дотор чухам юу юу байна вэ гэдгийг задалж ойлгуулах нь чухал байсан бөгөөд энэхүү зорилгодоо хүрч чадсан. Мэтгэлцээний дараа сэтгүүлчдэд дэлгэрэнгүй тайлбарлаж ярина гэсэн амлалтаа биелүүлж, хөрөнгө оруулалтын 4 гэрээний талаарх мэдээллийг цаасаар болон файлаар өгнө. Сэтгүүлчид та бүхэн ч эдгээр баримт тооцоонд шүүмжлэлтэй хандаж санаа оноогоо хэлээрэй. Энэ бол нэг мэтгэлцээн, нэг удаагийн хэвлэлийн бага хурлаар яриад дуусчих асуудал биш тул 12-р сарын эхний 7 хоногт Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран дахин албан бус уулзалт зохион байгуулж, чин сэтгэлээсээ ярилцах хүсэлтэй байна” гэлээ.

Мэтгэлцээний үеэр С.Баярцогт гишүүнээс хариулт аваагүй 25 асуулт байгаа гэж тэрбээр үзэж байгаа бөгөөд тэдгээр асуултынхаа заримынх нь задаргааг сэтгүүлчдэд танилцуулангаа “Мэтгэлцээний үеэр довтлогчийн бус хамгаалагчийн байр суурин дээр байсны учир юу вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултанд “Монголчууд бид цөөхүүлээ байж  хоорондоо муудалцаж, бие биедээ субъектив хандах бус объектив байж, гол нь ярилцаж буй асуудалдаа хандаж олон түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх нь чухал” гэж үзэж байгаа”-гаа мэдэгдлээ.

С.Отгонцэцэг
http://open.parliament.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш