Даравч далдайна, булавч бултайхын үлгэрээр барилгын салбартай холбоотой зөрчил хэзээ ч дуусахгүй нь бололтой. Өдөр өнжихгүй шахуу гарч байгаа барилгын чанар, осол аваарын тухай иргэдийн гомдол чихэнд дасал болжээ. Уг нь би далайгаас алслагдсан, цунамид өртдөггүй, байнга газар хөдлөөд байдаггүй тэгш тал дээр амьдардагч, нэг сая иргэн давсан нийслэлийн төрх яг л байгалийн гамшигт өртсөн мэт харагдах болж. Энд гамшиг болжээ, тэнд газар хөдөллөө гэж сонсох бүрийд “ямар азаар далайтай ойрхон амьдраагүй юм” гэсэн бодол иргэдийн тархинд буудаг нь лавтай. Гэсэн ч Улаанбаатарт гамшигийн дараах балгас шиг бүтээн байгуулалт өдөр шөнөгүй үргэлжилж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ) -ийн ажилчдын гэх тодотголтой 120 айлын 14 дүгээр байр. Уг байранд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн 04.00 цагийн орчим паар задарсны улмаас гурваас доош давхарын айлууд усанд “живжээ”. Гэтэл сохорсон биш завшив гэгчээр уг байрны “но”-той асуудлууд суугчдын нүднээ ил болсон байна. ХӨСҮТ-ийн хашаан дотор баригдсан “Визард констракшн” компанийн тус байр нь ХӨСҮТ-ийн удирдах албан тушаалтнуудтай зөвшилдөж, ажилчдыг хямд үнээр суулгах тухай гэрээ хийснээр баригдсан байна. Гэвч хөрөнгө мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахаа болисон барилгын компаниудын жишгээр “Визард констракшн” ч гэсэн луу унжсан талаар тус байрны суугчид гомдоллож байна. Тодруулбал, мкв тутмаа нэг сая 600 мянгаар үнэлсэн “Визард”-ынхан эмнэлгийн хашаан дотор насгүй барилга босгосныхоо төлөө тус эмнэлгийн ажилчдыг хөнгөлөлттэй үнээр буюу мкв тутмыг нэг сая 280 мянгаар үнэлэж суулгахаар болсон аж. Гэсэн ч “үнэ мөнгөнд нь тааруулаад өөр өөрөөр хийсэн” гэх суугчид өнөөдөр гомдлоо эрж байна.
Мөн тус компанийхан эмнэлгийн ажилчидад ямар ч сонголтгүйгээр байраа “шахсан” аж. Угтаа бол иргэд байршил, барилгын стандарт, чанар хийц, өрөө хаалга, тэр байтугай цонх нь хаашаа харсан болохыг сэтгэлдээ тааруулж байж байрандаа орох учиртай. Цалингаас цалингийн хооронд амьдарч амь зуулгаасаа хэдэн жилээр лизинг төлж ганц байр авах учраас энэ нь ч жам ёсных. Компанийн зүгээс ХӨСҮТ-ийн ажилчдад “байрны сонголт үлдээгүй” гэж хэлсэн байна. Гэсэн ч захиалагчид эмнэлгийн ажилчид биш энгийн хүн болж ярихад “байрны сонголт байгаа” гэж хэлсэн аж. Энэ нь “үнэ мөнгөнд нь тааруулж өөр өөр хийсэн” гэх хардалтыг төрүүлсэн биз. Харин чанар стандартын тухайд хаалганаасаа хоймор хүртлээ нойл заажээ. Хүйтрэх тусам вакум цонхоор нь салхи сийгэж, хана шал хоёрын дунд хоёр хуруу орчим зай гарчээ. Үүнээс гадна нойлын өрөөний плита нь гишгэхээр хагардаг, агааржуулах хоолой нь нураад уначихсан, гадна тагт нь далийчихсан, паар задарснаас болоод паркетан шал нь бөмбийгөөд гишгэх аргагүй болсон байна.
Харин компанийн зүгээс энэ бүх асуудлыг “нийслэлийн хэмжээнд халуун усны даралт хэт өндөр ирснээс үүдэлтэй” гэж тайлбарласан байх юм. Гэтэл нийслэлийн хэмжээнд яг үүн шиг гомдол дагуулсан нь ганцхан “Визард констракшн” компанийн байр байна. Өчигдрийн байдлаар тус байрны 120 өрхийн 70 гаруй айл гомдол гаргаж, тус компанид албан бичиг хүргүүлсэн аж. Үүний дагуу паркетан шал солих ажил эхэлсэн аж. Гэсэн ч оршин суугчид “дахиад паар задрахгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй байгаад сэтгэл дундуур байна” гэдгээ хэлсэн. Үүнээс гадна тус байранд оршин суугчид шөнө унтахад хэцүү байдаг хэмээн учирласан. Учир нь байрны хойд талд нэг метр, баруун талд нь арав хүрэхгүй метрийн зайтай ахиад л паар нь дэлбэрч мэдэх тус компанийн байр сүндэрлэж байна. Бас л ХӨСҮТ-ийн ажилчдын байр гэх нэртэй. Нэрээрээ бол тус эмнэлгийн ажилчид өөрсдөөр нь нэрлэсэн байранд бүгдээрээ шахуу багтахаар л боллоо. Хамгийн эмгэнэлтэй нь ашиглалтад ороод удаагүй байгаа байр нь чанарын шаардлага хангахгүй байхад дахиад хэд хэдийг барьсаар байгаад асуудлын гол оршиж байна. Мөн тус байрны суурь нь тэр чигтээ хагарчээ. Холоос харвал агаар дээр тогтож байгаа юм шиг гоё гэж чигтэйхэн. Харин ойртоод харвал хэзээ нурах нь тодорхойгүй үнэхээр аймшигтай. Үүний хажууд нэг, хоёрдугаар давхар нь цантаж мөстсөн нь юу ч биш харагдана лээ.
Суурь нь тэр чигтээ хаграад байхад хэнэг ч үгүй дотор талыг нь зассаар байдаг “Визард констракшн” үнэхээр монголыг хөгжлийг хойш нь чирч байна. Тус компанитай холбоотой барилгын асуудал ганцхан үүгээр ч дуусахгүй. Миний мэдэхээр Баянгол дүүрэгт бас нэг бий. Хүнд оврын машинаар шөнөөр довтолж, иргэдэд халдаад газрыг нь булаан эзлэхээр түрэмгий авир гаргасан тэдний маргааныг С.Эрдэнэ гишүүн шөнө дунд өөрийн биеэр заларч байж зогсоож билээ. Гэсэн ч улсынхаа хууль дүрмийг өсгийндөө тах болгон ашигладаг тус компани төд удалгүй газар сэндийчих ажлаа түргэтгэсэн байдаг. Ийнхүү хулгайгаар газар ухаж яваад хүн дайрсны улмаас тус ажлаа одоо түр зогсоогод буй. Үнэхээр чадварлаг мм-ийн ч зөрүүгүй байшинг байшинтай нь нялж барьдаг тус компанийн газрын маргаанууд цаашид хэрхэн шийдэгдэх талаар бид эргэн сурвалжилсаар байх болно.
Б.ШИРНЭН
Эх сурвалж: "Нийгмийн толь"