logo
Охид эмэгтэйчүүд болзооны хүчирхийлэлд өртөж байна

Охид эмэгтэйчүүд болзооны хүчирхийлэлд өртөж байна

2012/11/27

Гэр бүлийн таагүй харилцаанаас үүдэлтэйгээр эмэгтэйчүүд амиа хорлох тохиолдол сүүлийн үед өсөх хандлагатай байгаа гэнэ. Эр нөхрийн дарамт эмэгтэйчүүдийг үхлийн олс руу толгойгоо шургуулах гол шалтаг болж буй үзэгдэл нийгэмд өсч байгаа нь харамсалтай хэмээн энэ төрлийн судалгаа хийдэг хүмүүс онцолж байна. Нөхөр нь архи ууж эхнэрээ зодож хөнөөсөн гэх хэрэг ч шил дараалан гарах болов. Энэ нь өнөөдрийн нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл газар авч буйн тод илрэл юм. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл 1990-ээд оноос хойш нэмэгдсэн юм байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохироож, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл аж. Ийм хүчирхийлэл нэг удаагийн санаандгүй үйлдэл бус дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл учраас эмэгтэй хүмүүс сэтгэлзүйн хувьд хүнд дарамтад орсон байдаг.

Мөн хүчирхийлэл нь бие махбодь, сэтгэлзүйн болоод бэлгийн харилцааны шинжтэй, хэл амаар доромжлох, айлган заналхийлэхээс эхлээд зодуулах, хүнд гэмтэл авах, сэтгэл санааны дарамтад орох зэргээр илэрдэг байна. Үүнтэй холбогдуулан Олон улсын жендерт суурилсан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян манайд зохион байгуулагдаж эхэллээ.

Энэ сэдвийн хүрээнд ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Одгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-ГССҮТ-ийн "Нэг цэг"-ийн үйлчилгээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс хэр их хандаж байна?

-Манай "Нэг цэг"-ийн үйлчилгээ 2010 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус төв маань нийт гурван ажилтан, дөрвөн ээлжийн сувилагчтай 24 цагийн турш тасралтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

Гэмтлийн эмнэлгийн онцлог нь хүчирхийлэлд өртсөн хохирогч хамгийн түрүүнд эрүүл мэндийн тусламж авахаар манайхыг зорьдог. Энэ тохиолдолд бид эрт үед нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг илрүүлэхийг хичээж ажилладаг. Ингэхдээ эмч, сувилагч, цагдаагийн ажилтнуудтай хамтардаг. Үүний үндсэн дээр "Нэг цэг"-ийн үйлчилгээнд хамруулан тусламж зөвлөгөө өгдөг. Түүнчлэн хэрэгцээтэй байгууллагатай нь холбож өгдөг.

-"Нэг цэг"-ийн үйлчилгээнд жилдээ хэд орчим хүн ханддаг вэ?

-Өмнөх онд нийт 900 гаруй хүнд үйлчилгээ үзүүлсэн. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

-Ямар төрлийн хүчирхийлэлд өртсөн иргэд ихэвчлэн хандаж байна вэ?

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэд манай төвд хандах нь их байна. Ялангуяа бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөөр байгаа. Мөн зодуулаад манай "Сэхээн амьдруулах төв"-д ирээд нас барах тохиолдол ихэсч байна. Тиймээс манай "Нэг цэг"-ийн үйлчилгээ энэ тал дээр анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

-Зодуулаад ирж байгаа иргэдийн талаар тодруулаач?

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөн зодуулаад ирж байгаа үйлчлүүлэгчдийнхээ тоон дээр үндэслэн судалгаа хийдэг. Үүнээс үзэхэд зодуулаад ирж байгаа эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь албан ёсны гэр бүлийн батлахтай атлаа нөхөртөө зодуулан ирж байна. Үлдсэн 20 гаруй хувь нь хамтран амьдрагчдаа зодуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдаг.

-"Нэг цэг"-ийн үйлчилгээнд ихэвчлэн эмэгтэйчүүд ирж зөвлөгөө авдаг уу?

-Манай төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн 90-ээс дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Харин эрэгтэйчүүдийн хувьд насанд хүрсэн хүн ирсэн тохиолдол байхгүй. Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эрэгтэй хүүхэд ирэх нь бий.

-Бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь их байгаа гэсэн. Хэд орчим насны хүүхдүүд энэ төрлийн хүчирхийлэлд өртөж байна вэ?

-Хамгийн багадаа дөрвөн настай хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол гарсан. Мөн өсвөр насны хүүхдүүд энэ төрлийн хүчирхийлэлд өртөх нь их байна. Бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хойд эцэг нь үйлдэж байгаа. Мөн 20-иос дээш насны охид эмэгтэйчүүд болзооны хүчирхийлэлд өртөж байна.

-Болзооны хүчирхийллийн талаар тайлбарлаж өгөөч?

-Болзооны хүчирхийлэл гэдэг нь техник технологийн хөгжилтэй холбоотойгоор TV-чат, гар утас зэргээр хүнтэй танилцаж улмаар болзсоны үндсэн дээр бэлгийн хүчирхийлэлд өртөөд хохирогч болж байна. Сүүлийн үед энэ төрлийн хүчирхийлэл ихсэх хандлагатай байгаа. Одоогоор тэд цагдан хорих төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Л.Алтанхишиг
Эх сурвалж: "Нийслэл Таймс"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш