logo
“Нэг давхар”-ынхан татвар төлнө

“Нэг давхар”-ынхан татвар төлнө

2012/11/29
Улаанбаатар хот ирэх жилээс бие даасан төсөвтэй болж хөгжихөөр болсон. Айл гэрээр бол шинэ хосууд өрх тусгаарлаж эцэг эхийн гар харалгүй бүх зүйлээ хэтэвчин дэх хэдэн “бор” төгрөгтөө тааруулж амьдрана гэсэн үг.

Шинээр галаа бадраасан залуу хосууд орлого ахиу олж түүнийгээ зөв зарцуулж чадвал эдийн засгийн хувьд бие даан амьдардаг шиг нийслэл маань мөнгө босгож чадаж байвал тэр хэрээр эргэн зарцуулах эрхтэй юм.

Үл хөдлөх хөрөнгөд ногдуулах татварын хувь хэмжээг шинэчилсэн тогтоолыг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид батласан нь дээрх бие даасан төсөвтэй холбогдох ажээ. Нийслэлийн төсвийн бие даасан байдлыг алдахгүйн тулд дарга нар толгойгоо ажиллуулах хэрэг гарч байна. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн татварыг 0.6-1 хувьд багтаан ногдуулах юм.

Энэ тогтоол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор жилдээ үл хөдлөх хөрөнгийн татвараас хотын төсөвт 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж үзжээ. Улаанбаатарын нэгдүгээр бүс буюу А зэрэглэлийн газрыг хамгийн ашигтай байрлал бүхий хотын төв хэсэг учраас тэнд буй үл хөдлөх хөрөнгөд ногдуулах татварын хэмжээг нэг хувиар тооцохоор болов. Өмнө нь байсан албан татварын хувь хэмжээг энэ удаа 0.2 хувиар өсгөн шинэчилэн тогтоосон гэсэн үг.

Хотын хоёр, гуравдугаар бүсэд үл хөдлөх хөрөнгөтэй бол татварт 0.8 хувийг төлөх аж. Харин 4, 5 дугаар бүсэд буй үл хөдлөх хөрөнгөнд 0.6 хувийн татварыг аж ахуйн нэгж, байгууллагууд төлнө. Иргэдийн эзэмшиж буй орон сууц, хашаа байшингаас татвар авахгүй гэсэн хууль хүчин төгөлдөр байгаа тул санаа зовохгүй байж болно.

Иргэд орон сууц худалдаж авахдаа тодорхой хэмжээний татвар төлдөг учраас давхардуулан татвар авахгүй гэж ойлгож болно. Гэхдээ Улаанбаатарт орон сууцны зориулалттай байрыг худалдаа, үйлчилгээний чиглэлээр ашиглах нь элбэг. Тухайлбал, хотын төвд голдуу орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэг, эмнэлэг, үсчин гоо сайхан, эмийн сан, дэлгүүр, банк болон бусад төрлийн үйлчилгээ эрхлэгчид ашигладаг. Тэд үл хөдлөх хөрөнгийн татвар төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, хүн амьдран суухаас бусад зориулалтаар ашиглаж байгаа орон сууцны эзэн үл хөдлөх хөрөнгийн татварыг бүсээс хамаарч төлөхөөр болов.

Д.Мягмар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш