logo
 Нийтийн тээврийнхэн тусгаарлагч шонг сүйтгэж байна

Нийтийн тээврийнхэн тусгаарлагч шонг сүйтгэж байна

2012/11/29

Нийтийн тээврийг нэг­дүгээр эгнээгээр зор­чуулж эхэлснээс хойш замын хөдөлгөөний ачаалал мэ­дэг­дэхүйц буурсан нь илт анзаа­рагддаг. Нийслэлийн За­­саг даргын санаачилсан энэхүү ажилд мэргэжлийн байгууллагынхан “сайн” дүн тавьсан учир тодорхой хугацаа заахгүйгээр үр­­гэлжлүүлэн сунгасан. Уг ажилтай уялдуулан нийс­­лэлийн Захирагчийн ажлын албанаас нийтийн тээврийг чөлөөтэй зорчуулах гэж нэг­дүгээр эгнээг бусад эгнээ­нээс тусгаарласан шон байр­луулж, их ч мөнгө зар­жээ. Энэ нь үргүй зардал гаргалаа гэх шүүмжлэлийг араасаа дагуулж байсан ч тусгаарлагч шонг байр­луулах зайлшгүй шаард­лага байсан аж.

Учир нь, замын хөдөл­гөөнд орол­цогчдын дийлэнх хувь нь дүрэм зөрчих, ялангуяа тусгаарласан нэг­дүгээр эг­нээгээр дур мэдэн зорчих үзэгдэл гаргадаг. Тиймээс хууль дүрмээ бие­лүүлдэг болгохын тулд нэг бүрийн үнэ нь 18, 75 мянган төгрөгийн өртөг­тэй тусгаарлагч шонг байрлуулжээ.

Гэтэл тусгаарлагч шонг энд тэндгүй эвдэж, сүйтгэх болов. Үүний гол буруутан нь нийтийн тээврийнхэн аж.

Тодруулж хэлбэл нэг­дүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих дархан эрхтэй авто­буснууд гэдгийг Замын цаг­даагийнхан тогтоожээ. Тэд­ний ажигласнаар том оврын автобус хэт хурдтай явах, зорчигчоо булаацалдан хоорондоо уралдах, гүйцэж түрүүлэх, хажуу эгнээгээр дайран орж, зам товчлох зэрэг зөрчил гаргадаг байна. Ингэхдээ тусгаарлагч шонг эвддэг аж.

Нийслэлийн өнгө үзэмж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд нөлөөлөх ажлыг нэг хэсэг нь санаачилж байхад нөгөө нь нурааж, сүйтгэдэг олон жишээний нэг нь энэ юм. Уг нь тус­гаарлагч шон бүрэн бүтэн байдлаараа хөдөлгөөний аюул­гүй байдлыг хангах, осол гарахаас урьдчилан сэр­гийлэх, орой үдшийн цагт үзэгдэх орчны талаар мэ­дээллийг дамжуулах, ач холбогдолтой.

Харамсалтай нь, хэнэг­гүй, сэтгэлгүй, замын хө­дөл­­­гөөний дүрмээ ба­рим­­­тал­даггүй нийтийн тээв­рийнхний буруутай үйлд­лээс болж, хийж бүтээсэн ажил хэрэггүй зүйл болж, улсад хохирол учирсаар байна.

Замын цагдаагийн газраас дүрэм зөрчиж, тусгаарлагч шон дайрсан жолоочийн эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хасах, Захиргааны хэргийн 25.5-д зааснаар хохирлыг бүрэн барагдуулж, торгох арга хэмжээ авахаар болсон. Гэвч торгож, эрхийг нь хассанаар шийдэгдэх асуудал биш бололтой. Бусдаар хянуулж, цагдуулахгүйгээр замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь жолоочийн үүрэг гэдгийг ухамсарлах ёстой баймаар.

Ямартай ч дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролц­дог болгох тууштай ажлыг нийтийн тээврийн салбарынхан болон тээврийн хэрэгсэл жолоодогч нарын дунд зохион байгуулах шаардлагатайг холбогдох албаныхан анхаарах цаг нь болжээ.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш