Гэмт хэргийн өдөөгч, талбар болж буй зар сурталчилгааг хяналттай болгох хэрэгтэй байна
Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд зайлшгүй хараандаа авах зүйл байна аа. Учир нь хүний наймаа, биеэ үнэлэлт, ёс бус үйлдэл, элдэв гэмт хэргийн шалтгаан болж буй заруудыг хариуцах эзэн, хянах байгууллага өнөөдөр Монголд алга. “Гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна”, “Царайлаг, залуу охидоор боломжийн цалинтай, хялбар ажил хийлгэнэ” гэсэн утгатай заруудаас болж монгол охид садар самуунд уруу татагдан, биеэ үнэлж, бүр гадаад руу худалдагдан, боолын хөдөлмөр эрхэлж буй жишээ, баримт олон бий.
Зарим зар бүр ил тодоор “Хөөрхөн охидод санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэдэг бол охид, бүсгүйчүүд ч амар, хялбар амьдралыг эрэлхийлж, “Нас харгалзалгүйгээр танилцаж, санхүүгийн дэмжлэг авна” гэсэн байдаг. Хамгийн гол нь үүний цаана ямар хор хохирол гарахыг хэн ч урьдчилан тооцоолдоггүй бололтой. Тухайлбал, сүүлийн зургаан жилийн дотор хүн худалдаалах гэмт хэргийн 78 холбогдогч, 129 хохирогчтой 53 хэргийг цагдаагийн байгууллага бүртгэн, шалгаж байгаа аж. Энэ бол асар их тоо. Тагнуулын Ерөнхий газрын судалгаагаар, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн охид, бүсгүйчүүд, залуус голдуу зарын дагуу биеэ үнэлж, гадаад руу гардаг аж.
Үүнээс гадна, хүнд хэцүү амьдралаасаа болж гадаад руу тэмүүлсэн залуус ч хүний наймааны золиос болдог. Өндөр цалинтай ажил гэсэн хэдхэн үгэнд хууртан амьдралаа там болгож, ар гэрийнхнээ ч шар махтай нь хатааж буй тохиолдол олон. Хүний наймааны хэргээр шүүгдэгчид Шанхай, Макаод охид, бүсгүйчүүдийг аваачиж, баян хятадуудад зарахын тулд тус, тусд нь дугаарладаг тухайгаа ярьж байсныг сонссон. Тэгэхээр бүхэл бүтэн гэмт хэргийн өдөөгч, талбар болж буй зар сурталчилгааг хариуцах эзэнтэй болгох хэрэгтэй байна.
Охин маань хүний наймааны золиос болсон байх вий гэж айж байна
Охиноо хүний наймааны золиос болсон байх вий гэсэн айдас тээж яваа З.Нарантуяа гэх эмэгтэй манай сонинд хандсан юм.
-Өөрт тулгарсан асуудлынхаа талаар ярихгүй юу?
-Миний охин 21-хэн настай. Найман сарын өмнө “Ээж ээ, охин нь гадагшаа явж ажиллах болсон. Тэгээд тандаа зөндөө их мөнгө явуулна” гэж байсан юм. Тэгээд гадагшаа явсан. Харин одоо би яах гэж явуулав гэж өөрийгөө зүхэж сууна.
-Тухайн үед охин тань хаашаа, хэнтэй, ямар ажлаар явах гэж байгааг судлаагүй юм уу?
-Судлалгүй яах вэ. Охин маань надад “Цолмон гэдэг сайн эгч бий. Тэр эгч дөрвөн охиныг хүүхэд асрагчаар Герман руу авч явах болсон” гэж хэлж байсан юм. Би өөрөө хөдөө ажилладаг учраас тэр хүнтэй уулзах зав гараагүй. Охиноо арай ч явчихна гэж бодоогүй. Миний охин хичээл, сургуульдаа л анхаарлаа хандуулна уу гэхээс бусад шиг дэмий тэнэж, шоу цэнгээн гэж явдаггүй хүүхэд. Гэтэл нэг охинтой найзлах болсон. Тэр нь нэлээд хөдөлгөөнтэй байрын, сэргэлэн нь дэндсэн хүүхэд байсан. Тэгээд л охиныг минь дагуулаад явсан юм билээ.
Үүнийг манай охины сайн найз Орхон гэдэг хүүхэд ч баталж байгаа. Хамгийн аймаар нь, тэр охин телевизийн зарын дагуу хүнтэй танилцаад охиныг маань дагуулж явсан гэсэн.
-Цагдаад хандсан биз дээ?
-Охин минь хүний наймааны золиос болсон гэж үзэж байна. Саяхан миний нэг танил Бээжин рүү яваад ирсэн. Гэтэл тэр хүн “Охиныг чинь Бээжинд харсан. Баахан хятад хүнтэй хамт машинд суугаад явсан” гэж хэлсэн. Яг танай охин байсан гэж барим тавим хэлээд байгаа юм. Хэрэв үнэхээр миний охин урд хөршид хүний наймааны золиос болж, биеэ үнэлж байгаа бол цагдаагийн байгууллагад хандахаас өөр аргагүй гэсэн бодол төрөх болсон. Уг нь охин маань биеэ үнэлэх тухай бодох ёсгүй. Манайх боломжийн амьдралтай айл. Би өмнө нь хүний наймааны тухай аймшигтай зүйлүүд сонсч, уншиж байсан. Даанч энэ зовлон надад ирнэ гэж бодсонгүй. Засаг төр хүний наймааны уурхай болж буй хяналтгүй зар сурталчилгааг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж анхаарал тавиасай гэж хүсч байна. Над шиг зовлонтой олон мянган эх байгаа байх. Тийм ч үүднээс охид, бүсгүйчүүдийг сонин хэвлэлд гарсан элдэв зараас болгоомжлоосой гэсэн үүднээс танай сонинд хандлаа. Гэхдээ би ямар ч байсан охиныхоо араас явах гээд нэлээд олон хүнтэй холбогдсон. Түүний дараа та бүхэнтэй эргэж холбогдох болно.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"