logo
Нийслэлчүүдийн амьдралын ялгаа арилна

Нийслэлчүүдийн амьдралын ялгаа арилна

2012/11/29
Хямд нүүрсний түгээлт зогссон уу...

Засгийн газраас хямд нүүрс түгээх ажиллагааг эхлүүлээд сарын нүүр үзэж байна. Харамсалтай нь иргэдийн хүсэн хүлээж байсан хямд нүүрс өнөөг хүртэл эздэдээ очоогүй л байна. Орлого багатай иргэдэд энэ нь их хэмжээний тусламжид тооцогдоно. Харин зовлон тоочиж ажил хийсэн дүр үзүүлдэг хороодын Засаг дарга ба хэсгийн дарга нарт энэ бүхэн нь маш их дарамт болж байгаа гэнэ.

Нэг талаас тэднийг ивээдэг МАН нь хориг тавиад зогсохгүй иргэдэд буруугаар сурталчилгаа хийхийг тулгаж байгаа бол нөгөө талаас орлого багатай иргэд өдөр, шөнөгүй нүүрс нэхэж тэднийг дэлдэнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр 40 кг шуудай нүүрс 3200 төгрөгөөр худалдагдаж байгаа нүүрс Төмөр зам дээр овоорсон байна. Түүнийг түгээх, хүргэх бүх ажиллагаа зохион байгуулагдсан боловч ихээхэн хэмжээний нүүрс тараагдаагүй овоорч байгаа нь хороо, хэсгийн дарга нарын зохион байгуулалттай холбоотой юм.

Зарим газар их хэмжээний нүүрс агуулах талбай байхгүй байгаа бол зарим газар нь дэндүү алслагдсан газар нүүрсээ тарааж байгаа гэнэ. Харин хямд нүүрсийг эсэргүүцэгчид нүүрс эздэдээ очихгүй байгаа шалтгааныг нэг шуудайгаар өгдөг, утаа тортог их гардаг, холоос тээдэг гэх мэтийн сурталчилгааг мөнгө хайрлалгүй мэдээллийн хэрэгслээр цацаж байна. Үнэн хэрэгтээ хямд нүүрсийг хүн болгонд ав гэж тулгаагүй юм. Боломжтой нэг нь Налайх, Багануурын ч бай нүүрсээ машинаар нь арав, хорин шуудайгаар нь авах хэрэгтэй. Гагцхүү таван кг нүүрсийг 1700 төгрөгөөр худалдан авах чадваргүй тэр иргэдэд Засгийн газар боломж олгосон билээ.

Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх анхнаасаа иргэдэд сануулж байсан. Хямд нүүрс түгээх ажиллагаа өдрийн 3400 төгрөгийг түлшиндээ зарж чадахгүй байгаа иргэдэд зориулсан. Гэтэл орлого өндөртэй Налайхын нүүрсийг өндөр үнээр их хэмжээгээр хэрэглэдэг иргэдтэй орлого багатай иргэдийг харьцуулах жишээнүүд мэдээллийн хэрэгслээр өргөн тархаж байна. Үнэн хэрэгтээ Налайхын нүүрсний орд нь олон ам болон хуваагдсан бөгөөд тэр бүр нь хувийн хэвшилд очжээ. Энэ нь тухайн амыг эзэмшигчдээс хямдаар, ихээр нийлүүлэх боломжгүй гэсэн үг юм. Гэтэл энэ бүхнийг мэдсээр байж өнөөгийн Засгийн газар утааг нэмэгдүүлж иргэдийг хордуулах ажиллагаа зохион байгуулж байгаа мэтээр эсэргүүцэгчид тэмцсээр байна.

Налайхын уурхайг хэдэн жилийн өмнө хэн дуртай нь авч байсан бөгөөд тухайн үедээ УИХ, Засгийн газраас ямар ч хяналт тавиагүй байдаг. Өнөөг хүртэл нүүрсний амуудыг эзэмшигчдийн нэр нууц хэвээр байна. Зарим сурвалжийн өгүүлснээр ил байгаа нь хэдэн нүүрс ухаж байгаа ажилгүй иргэд мэт боловч тэдний ард томоохон улстөрчид, мөн хятадууд байдаг тухай мэдээлж байна.

Нүүрсний үнэ өсөх нь хэнд ашигтай вэ гэсэн асуулт эндээс гарна. Нэгд, Налайхын уурхайн эздэд хамгийн өндөр ашиг авчирна. Өнгөрсөн жилээс хоёр дахин өссөн нүүрсний үнийг шинэ Засгийн газар гурав дахин буулгаж чадсан. Энэ бүхнийг хэн эсэргүүцэж байна вэ. Мэдээж сөрөг хүчин. Тэднийхээр бол гэр хорооллын орлого багатай иргэд долоон кг нүүрсийг 1700 төгрөгөөр худалдан авч бухимдаж байх нь ашигтай бололтой. Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн сонгуулиар хороодод эрх баригч болсон МАН-ын гишүүн хороодын дарга нар, тэдний гар хөл болсон хэсгийн дарга хэмээх хэдэн мянган хүнийг ашиглаж байна. Хамгийн хөгийн жишээ бол хямд нүүрсийг эсэргүүцэгчид сонгуулийн сурталчилгаанд нүүрсний талоныг ашиглаж байсан жишээ юм.

Хэрэв хууль ёс сахидаг оронд байсан бол энэ бүхэн нь гэмт хэрэгт тооцогдоно. Дээр нь наад захын ёс суртахуунтай сонгогч бол дахин тэднийг сонгохгүйгээр барахгүй тэр намын эсрэг саналаа өгнө. Орлого багатай иргэдийг баярлуулж, орлого ихтэй хороодын дарга нарын зэвүүцлийг төрүүлсэн нь хямд нүүрс түгээх ажиллагаа зогсонги байдалд орлоо. Энэ бүхнийг мэдэрсэн хороо, дүүргийн иргэд МАН-ыг биш АН-ыг сонголоо.

Ойрын хэд хоног хямд нүүрс түгээх ажиллагаа идэвхижихгүй. Харин хороо, дүүрэгт ялалт байгуулсан АН-ын дарга нар байр савандаа орж чадвал маргаашнаас нь энэ нүүрсээр орлого багатай иргэд хангагдаж эхэлнэ. Зарим иргэдийн үзэж буйгаар нүүрсний үнийг хямдруулах нь хотын утааг ихэсгэх гэнэ. Энэ нь үнэн байж болно. Гэхдээ нийслэлчүүд 15 жил энэ утаанд хордож байгаа. Ирэх жилээс утаа багаар бодоход 30 хувиар буурна.

Өмнөх жилүүд шиг 50 хувиар, 100 хувиар буурна гэж Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл амлаж чадахгүй байна. Учир нь тэр байгаа байдлыг үнэнээр нь хэлж сурсан. Өмнөх жилүүд шиг тэрээр хэдэн тэрбум төгрөг төсөвлөөгүй. Харин нийслэлийн гэр хорооллыг цахилгаанжуулах, дулаанжуулах, дулааны алдагдлыг багасгах, бэлэн дулааны шугамтай гэр хорооллыг дулаанаар хангах замаар утааг бууруулна.

Ингэснээр утаа 50 хувиар биш гэхэд 20 хувиар буурна. Гэхдээ дахин хэзээ ч өндийхгүйгээр баталгаатай буурна. Таван сарын өмнө АН-ын гишүүн Э.Бат-Үүлийг "Би нийслэлийг сонгуульд удирдаж орно. Хэрэв та нар надад итгэвэл нийслэлийг утаанаас салгана" хэмээн мэдэгдэж байхад олон хүний хөх инээд хүрч байсан нь хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Дүүрэг, хороодын сонгуулийн дүнг харвал Үүлд байшинт хорооллоос гадна гэр хорооллынхон итгэж байгаа нь харагдаж байна.

Энэ итгэлийг олохын тулд Засаг дарга нэр зүүсэн Э.Бат-Үүл багагүй зовлон туулсан. Зөвшөөрөлгүй барилгаас эхлээд газар хүртэл эдлэх эрхийг дарга биш хурал шийддэг болгохын төлөө МАН-ын дээд, доод, дунд шатны хүнд сурталтнуудтай хүч тэнцвэргүй тулаан хийсэн. Гэвч дарга биш иргэд ялдаг цаг ирсэн тул нийслэл дэх ганц АН-ын гишүүн дарга Э.Бат-Үүл дүүрэг, хороодын Засаг дарга нарын эсэргүүцлийг ялж гарлаа.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд намууд маш өндөр ач холбогдол өгсөн. Хэргийн учир нь орон нутаг асар их эрх мэдэлтэй болно. Урьд хожид байгаагүй их хэмжээний мөнгийг хороо, багийн Засаг дарга нар "ганзагын наймаа"-нд эргүүлнэ. Үүнийг мэдэрсэн МАН-ынхан өмнөх шигээ дураар авирлах юм шиг сэтгэж ганц нэг хороон даргын төлөө тэмцлээ үргэлжлүүлэн сонгуулийг дахиулж байна.

Харамсалтай нь хууль тэдэнд битгий горьд хэмээн сануулна. Баг, хороодод очих тэр их мөнгийг хороон дарга өвгөн нарийн бичгийн дарга охинтойгоо зарцуулах эрх байхгүй. Цэцэрлэг барих уу, эмнэлэг барих уу гэдгийг хорооны насанд хүрсэн иргэдийн олонхийн саналаар шийднэ. Ингэснээр хороон дарга нар хайс, хашлага сольж будаж татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгөний 70 хувийг зуслах боломжгүй болж байгаа юм.

Саяхны сонгуулиар нэгэн хорооны хурлын танхимд 15 иргэн амьдардаг тухай нэрсийн жагсаалт байсан. Үнэн хэрэгтээ тэнд манаачаас өөр хэн ч амьдардаггүй юм. Манай хороодын дарга нарын иргэдээ бүртгэж байгаа царай нь энэ. Дээр нь хянаж байгаа УБЕГ-ын ажлын хариуцлага.

Хороон дарга иргэддээ үйлчилнэ

Өнгөрсөн хугацаанд хороон дарга гэж гадна дотны халамж тусламжийг хамаатан садан, намынхаа дэмжигчдэд өгдөг ажил хийдэг байсан. Харин энэ удаа Засаг дарга Бат-Үүл энэ бүхнийг таслан зогсооно. Нөхөр хороон дарга гадна дотноос ирсэн тусламж, дэмжлэгийн хэмжээ дамжаа, үнийн дүнг нийтэд мэдээлээд зогсохгүй хэнд яагаад, ямар хэмжээгээр өгснөө хорооны бүх иргэдэд албан ёсоор тайлагнана.

Шуудай будаанаас ширхэг будаа дутсан бол огцруулаад зогсохгүй шүүх рүү илгээнэ. Засаг даргад хүний өөрийн нам хамаа байхгүй. Харин иргэддээ үйлчилдэг түшмэл л хэрэгтэй гэнэ. Энэ цагаас эхлэн иргэн Батын амьдралыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хариуцахгүй. Хороон даргаас эхлээд дүүргийн дарга халамжилж хүмүүжүүлэх үүрэг хүлээнэ. Хорооны нутаг дэвсгэр дээр баар байх уу, цэцэрлэг байх уу гэдгийг иргэд шийдэж Засаг дарга хэрэгжүүлнэ.

Хорооны нутаг дэвсгэр дээр хэдэн архины дэлгүүр, хэдэн талхны дэлгүүр байхыг иргэд шийдэж Засаг дарга хэрэгжүүлнэ. Зарим хороодын нутаг дэвсгэр дээр нэг хүнд ногдох архи, тамхины дэлгүүр нь нэг хүнд ногдох халуун усны газраасаа тав дахин их байдаг гэнэ. Энэ бүхнийг шийддэг эрх нь нийслэлийн нэгэн түшмэл байдаг. Нэгэнт эрхээ нийслэлээс авсан баар, архины дэлгүүрийн эзэд хороон даргад бүү хэл хотын цагдааг нохойн чинээ ч тоохгүй. Гэр хороололд архидалт их байдаг тухай олон дарга нар ярьдаг. Өнөөгийн гэр хорооллын амьдрах нөхцөл нь архидахаас өөр арга байхгүй гэж зарим нь дүгнэдэг.

Судлаачдын үзэж буйгаар архидалтын хэмжээ орон байрны тохижилтоос хамаардаг гэнэ. Тохилог бус орчинд архидалт өндөр байдаг бол эрүүл тохилог, аюулгүй орчинд хүний сэтгэл санаа өөдрөг тогтвортой байдаг гэнэ.

Энэ бүхэн нь архи, тамхинаас хол байх нэгэн үндэс болно. Гэр хорооллын хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэнд байшинт хорооллын хүүхдүүдээс муу байгаа тухай судалгаа байна. Судлаачдын үзэж байгаагаар гэр хороололд муу хүмүүжил төрдөггүй. Харин амьжиргааны нөхцөл хүнд байх нь иргэдийн эрүүл мэнд, хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг.

Өдөрт таван литр ус хэрэглэдэг гэр хорооллынхны эрүүл мэнд өдөрт 120 литр ус хэрэглэж байшинт хорооллынхноос муу байх нь гарцаагүй. Ус барих, түлээ түлэх, гэр дулаалах зэрэг ажил нь ихэнх хүүхдүүдийн үндсэн ажил байдаг. Энэ бүхэн нь сурлагад сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Гэр хороололд амьдардаг нэгэн багш хотын төвийн сургуульд багшлахаас татгалзсан байдаг. Учир нь сурагчид түүнээс нүүрс үнэртэж байгаа тухай нүүрэн дээр нь хэлжээ.

Өнөөдрийн хот, хөдөөгийн ялгаа гэхээсээ илүү нийслэлийн гэр хороолол, байшинт хорооллын ялгаа асар их байна.

Шинэчлэлийн Засгийн газар болон нийслэлийн шинэ удирдлага энэ бүхнийг ирэх дөрвөн жилд түүх болгон үлдээх үүрэг хүлээсэн. Тэдэнд ирэх дөрвөн жил сүүлчийн болон анхны засаглах эрх байж мэднэ. Нийслэлийн хот, хөдөөгийн ялгааг арилгачихвал АН мөнхөд засаглана. Эс чадваас МАН дараагийн сонгуульд ялалт байгуулна. Утааг устгаж чадахгүй бол нийслэл мөнхөд мананд умбана. Нийслэлийн Засаг дарга Бат-Үүл өнөөгийн эрч хүчээ алдахгүй бол нийслэлчүүдийн амьдралын ялгаа арилна.

Х.Баттөгс
Эх сурвалж: Нийслэл таймс
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш