Тухайлбал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Шивээхүрэнгийн боомтын хажуухан тапд, хоёр км орчим зайд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “WINSАҮ” компани гурван жилийн өмнөөс туузан дамжуулагч суурилуулж эхэлсэн билээ. Тэд энэхүү дамжуулагчаараа өдөрт хэдэн мянган тонн нүүрс Хятад руу гаргахаар тооцоолж байгаа гэх мэдээлэл ч бий.
Мөн энэ ажилд нь манай эрхтэн дархтанууд идэвхитэй оролцож байгаа гэх ноцтой мэдээлэл ч байгаа. Зөвхөн томоохон үйлдвэрүүд л дотооддоо ажлаа хөнгөвчлөх зорилгоор ашигладаг ийм дамжуулагчийг дэлхийн аль ч улс орон ашигт малтмал зөөх ажилд ашиглахыг зөвшөөрдөггүй.
Тэр тусмаа хил дээрээ байгуулах тухай боддог ч үгуй. Яагаад гэвэл тухайн улс орны хил хязгаарын бүрэн бүтэн, халдашгүй байдалд ноцтой аюул учирна гэж үздэг юм билээ. Конвер буюу туузан дамжуулагчаар хил давуулан баялагаа зөөх тухай хуулийн заалт манай улсын аль ч хуулинд байхгүй.
Гэхдээ л манай эрхтэн дархтанууд үүнийг огт тоолгүй гурван км гаруй урт туузан дамжуулагчаар Хятад руу нүүрсээ зөөхөөр хятадуудтай сэм хуйвалдаж орхисон байгаа юм. Тийм хүмүүсийн толгойд УИХ-ын дэд дарга асан, Ардчилсан намын лидерүүдийн нэг гэгддэг Гаваагийн Батхүүгийн нэр их тод сонсогдож байгаа нь харамсалтай.
Г.Батхүү нь өөрийн АПУ компанийхаа хажууд “Сантранс” гэдэг компанииг ивээн тэтгэж байрлуулсан бөгөөд түүгээр уг туузан дамжуулагчийг барих ажлаа гүйцэтгүүлэхээр болсон байв. “Сантранс” нь Хятадын “WINSАҮ”-гийн хөрөнгө оруулалтаар Шивээхүрэнгийн боомтын дэргэд туузан дамжуулагчийн суурийг тавьсан бөгөөд нийтдээ 10 гаруй тэрбум төгрөгөөр босох энэхүү дамжуулагчийн ажил одоогоор 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа юм гэсэн.
Өнгөрсөн зун дээр дооргүй хэл ам гарч ирмэгц мань хүн ажлыг нь түр зогсоосон аж. Гэхдээ Г.Батхүү УИХ-ын гишүүн болж аваад бүрмөсөн хаалгахгүйн тулд яаж ийж байгаад Хилийн боомтын тухай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулж, тэрхүү туузан дамжуулагчаа хилээр нэвтрэх тээвриин хэрэгсэлиин төрөлд багтаагаад авах санаатай байсан ч сонгуульд ялагдан УИХ-ын танхимд том дуугарч суух эрх нь хаагдсанаар одоо хаа сайгүй маргаан өрнүүлж хажуугаар нь намынхаа нөхдийг лоббидоод гүйж яваа гэх сураг байна.
Тэрбээр УИХ-ын дэд даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн энэ том бизнесээ тэр чигт нь хаяхыг хүсэхгүй УИХ-ын гишүүн болчих санаатай улайрч байгаа нь энэ. Шивээхүрэнгийн боомтын дарга, Гаалийн газрынхан ч тийшээ орох эрхгүй, УИХ-аас томилогдсон ажлын хэсэг тийшээ очоод орж чадалгүй ирсэн гээд бодоход тэрхүү туузан дамжлага ихээхэн сэжигтэй бас монголчуудад нэлээн халгаатай эд болох нь ойлгогдож байгаа билээ. Г.Батхүү болон түүний найз хятадууд ямархуу хууль бус үйлдэлүүд хийх нь вэ, санаснаа гүйцээж чадах нь уу үгүй юу гэдгийг хянамгай харж байя. Хэрвээ Г.Батхүү хэмээх хүн яаж ийгээд УИХ-ын гишүүн болдог юм бол хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой шиг болсон түүний хүчийг Монголын төр дийлэхгүй болжээ гэж ойлгоцгооё.
Эх сурвалж: ЭЛДЭВ ЯВДАЛ СОНИН