logo
Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

2012/11/30
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийг 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм.  

Харин өнөөдөр өглөө 09.00 цагт эхлэх ёстой байсан энэ хурал долоо хоногоор хойшлогдлоо. Шүүх хуралд оролцох хүсэлтээ өмгөөлөгч нар бичгээр Дээд шүүхэд уламжилдаг ажээ. Гэвч С.Нарангэрэл өмгөөлөгч бичгээр хүсэлт гаргаагүй тул түүнд шүүх хурлын товыг дуулгах шаардлагагүй гэж үзсэн байна.

Н.Энхбаярын өөр нэг өмгөөлөгч болох О.Сайнгэрэл шүүх хуралд оролцох хүсэлтээ бичгээр гаргажээ. Гэвч тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулах хүсэлтийг гаргасан байна. Дээд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Хяналтын  шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.” гэж заасныг үндэслэн дээрх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 14 бус долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

Ингээд Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийн шүүх хурал 2012 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 09.00 цагаас Дээд шүүхэд болно.

О.Ариунбилэг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш