logo
Ш.Ганбат: Эхнэр, хүүхдийнхээ цогцсыг ч болов олоод хүний ёсоор хөдөөлүүлчих юмсан

Ш.Ганбат: Эхнэр, хүүхдийнхээ цогцсыг ч болов олоод хүний ёсоор хөдөөлүүлчих юмсан

2012/12/01
Онцгой байдлынхан багаж хэрэгсэл сайтай байсансан бол Сэлэнгэ мөрөнд осолдож, сураггүй алга болсон Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарыг аврах боломж бүрэн байжээ. Чухам яагаад эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар Н.Саранчимэгийн нөхөр Ш.Ганбаттай холбогдож цөөхөн асуултад хариу авлаа.

-ОБЕГ-аас эх, хүү хоёрыг эрэн хайх ажиллагааг ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоосон гэж мэдэгдсэн. Үнэхээр та бүхэн ийм хүсэлт гаргав уу?

-Тийм ээ. Голын мөс тэр чигээрээ хөлдсөн, хүн хайх ямар ч боломжгүй болсон учраас арга буюу 17, 18 хоног хайсны эцэст бид хүсэлт гаргаж эрлийн ажиллагааг зогсоолгосон. Хавар ус гэсээд эхлэхээр дөрөвдүгээр сарын багцаанд дахин эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх товыг гаргасан байгаа. Онцгой байдлынхан ч анхаарлаа хандуулж, бидэнд туслахаа илэрхийлсэн.

-Таны биеийн байдал ямаршуу байна?   

-Би одоо Сэлэнгэ аймгийн эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн байдал тааруу, хатгаа хүндэрсэн. Эмчилгээгээ хийлгэж дуусаад удахгүй хоёр хүүхэд дээрээ очно.

-Хүүхдүүдийг чинь хэн харж байгаа вэ?

-Хоёр хүүхдийг маань өвөө, эмээ хоёр (Саранчимэгийн аав, ээж) нь аваад явсан байгаа. Ээжийгээ санаж, бэтгэрээд, өвчин ороогоод нэлээд хэцүү байна.

-Тухайн үед бусад хүмүүсийн адил танай хоёрыг аврах боломж байсан уу?

-Онцгой байдлынханд их гомдож байна. Ажил албандаа их хайнга хандсан. Аврах боломж мэдээж байсан. Хавар мөс гэсээд ирэхээр ийм осол гарахыг үгүйсгэх аргагүй. Тиймээс төрийн удирдлагуудад хандаж хэлэхэд, Онцгой байдлынханд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгсэл авч өгөөч ээ. Цаашид хүмүүс ийм байдлаар амь насаа алдахгүй гэх баталгаа байхгүй. Наад зах нь зах дээрээс хямд гар чийдэн худалдан авч өгөх биш, чанартай төмөр бөгөөд холын тусгалтай гар чийдэнгүүд, моторт завь авч өгөх хэрэгтэй юм билээ. Сэлэнгэ аймагт байдаг моторт завины мотор нь эвдэрчихсэн. Хийлдэг завь нь 80 нөхөөстэй, усанд тавьж болохооргүй ийм байдалтай байна. Энэ дээр даруйхан арга хэмжээ авч өгөөч ээ. Усанд орох зориулалт бүхий өвлийн хувцас, олс хүртэл авч өгч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хангамжийг сайжруулахгүй бол горьгүй байна.  

-Дахин лам хард үзүүлэв үү? Юу гэж байна?

-Лам, бөөд үзүүлэхээр эх, хүү хоёрыг амьд гэсэн мэргэ буугаад байгаа. Ус амьтай болохоор тэгж байгаа юм болов уу даа. Гэхдээ амьд байгаасай гэж залбирах юм.

-Хүн бүр тантай адилхан эх, үр хоёрыг амьд байгаасай гэж хүсч байна?

-Тийм ээ. Нүдэн дээр минь ус руу живээд нас барчихсан бол амиа алдлаа гэж ойлгож болох юм. Гэтэл харсаар байтал мөсөн дээр байж байгаад хил даваад явчихсан болохоор бид амьд байгаасай, гэртээ ирээсэй гэж бодоод байна. Хамгийн гол нь хүний ёсоор оршуулчихаж ч болохгүй хэцүүхэн л байна даа. Ядаж эхнэр, хүүхдийнхээ цогцсыг ч болов олоод хүний ёсоор хөдөөлүүлчих юмсан.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш