Гэхдээ энэ удаад дуншин байж тангараг өргөж байгаа гишүүдийн “бүрэлдэхүүн” тун сонин. Өвөрхангайн дуулиант хоёр гэж аль хэдийнэ нэршээд байгаа Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхийг МАН-ынхан “буйдантай”, юутай хээтэйгээ эсэргүүцэн тэмцэж байгаа бол МАХН-ын Ц.Оюунбаатарын хувьд өөрөө тангараг өргөчих хүслээ ил далд илэрхийлсээр байгаа ч нам нь хойш чангаагаад байгаа гэх. Харин МАН-аас нэр дэвшин Баянзүрх дүүргийн дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Арвины хувьд аль хэдийнэ МАН-аасаа “сэтгэл хөрсөн” гэсэн мэдээлэл гараад байгаа.
Хэнтий аймагт дархан ялалт байгуулдаг байсан түүнийг Баянзүрх рүү “цөлөх” гэх мэтээр ил далдаар хавчих болсон нь Н.Энхбаярын хүн гэсэн “угшил”-тай нь холбоотой гэх. Тиймээс ч Д.Арвин шинээр УИХ-д МАХН-ын төлөөлөл болон орж ирж байгаа гэсэн таамаглал хүчээ авч эхэллээ. Угаасаа ил шулуун үгтэй, нэг зүтгэсэндээ чигээрээ зантай Д.Арвин хаана ч, хэзээ ч Н.Энхбаяр даргыгаа орхихгүй гэдгээ илэрхийлдэг байсан. Тиймдээ нэгэнт сэтгэлийг нь хөргөсөн МАН-д нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж чадахгүй нь тодорхой. Одоогоор албан ёсоор бол МАН-ын нэрийн өмнөөс өрсөлдсөн ч Д.Арвины намын цаашдын “чиг шугам” тун тодорхойгүй гэж хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Д.Арвин албан ёсоор МАН-ын гишүүнчлэлээ МАХН-ынх болгох уу гэсэн хүлээлт байгаа гэсэн. Бүр зарим нэг нь Д.Арвин Ардчилсан намын гишүүн болно гэсэн төлөг айлдаад ч амжсан. Юутай ч энэ бүх эх сурвалж нь тодорхой бус шуугианаас харахад, Д.Арвин МАН-ын чин сэтгэлт гишүүн биш болсон нь тодорхой болоод байх шиг.
Ингэхэд өвөр зуураасаа гишүүдээ алдаж байгаа МАН-ын удирдлага нь юу харж, юу болгоож суудаг юм бол доо? Тэр зуур нь МАХН хүний, өөрийн хэчнээн ч хүнийг өөртөө татаад амжчихав даа.
А.АМАР