Нэгэн хувийн эмнэлэгт зөвхөн орон дээр нь хэвтсэнийхээ төлөө 30-45 мянган төгрөг төлдөг байна. Өвчтөнүүд зөвхөн ор хоногийнхоо мөнгийг төлөөд зогсохгүй хоолоо худалдаж авч иддэг гэх. Тодруулбал, өвчтөнүүд өдөрт гурван удаа хооллох шаардлагатай бөгөөд 6000 мянган төгрөгөөр эмнэлгийн гал тогооноос худалдаж авдаг байна. Учир нь тус эмнэлэг өнгөрсөн зун засвар хийж, клиник эмнэлэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн учраас ийнхүү төлбөрөө нэмсэн аж. Орчин үеийн зах зээлийн хуулиар бол үнэ дагаж чанар гэх бичигдээгүй дүрэм байдаг ч энэ ойлголт эрүүл мэндийн үйлчилгээнд хамаарах ёсгүй бололтой. Гэхдээ тус эмнэлэг өнгөрсөн зун засвар хийж, үнээ нэмсэн гэх боловч үнэндээ нэгдүгээр давхраа засварласан болсноос өөр зүйлгүй. Тэгсэн хэрнээ бүх эмчилгээ, үйлчилгээнийхээ тарифыг нэг дахин нэмж орхисон нь шуналтай захирлын сувдаг сэтгэлгээний үр дүн. Өөрөөр хэлбэл, нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр нэгдүгээр давхартаа будаг нялж, обой нааснаа их засварт тооцож ийнхүү үнээ нэмсэн байна. Гэтэл яг зэргэлдээ орших бас нэгэн уламжлалт эмнэлгийн ор хоногийнх нь тариф 25 мянган төгрөг бөгөөд хоол унд, эмчилгээ үйлчилгээ нь бүгд багтсан аж. Энэ мэт яг ижил үйлчилгээтэй хоёр эмнэлгийн тариф өөр байх нь хэвийн л үзэгдэл. Иргэд ч энэ асуудлыг нэг их ойшоодоггүй бөгөөд мэдээж үнэтэй сайн, хямд нь муу гэх автомат ойлголтдоо хүлэгдэн үг дуугүй үнэтэй рүү нь зүглэж, хэтэвчээ сэгсрүүлдэг. Үнэн хэрэгтээ Монголд үйл ажиллагаагаа явуулж буй нийт хувийн хэвшлийн эмнэлгийн талаас илүү хувь нь шүд, нүд, эмэгтэйчүүд, дотор, уламжлалтын чиглэлээр иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Яг үнэндээ улс оронд тулгамдаад байгаа нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон өвчлөлийг эмчлэх хувийн эмнэлэг байхгүй байгааг үе үеийн салбарын сайд нар нь халаглан ярьдаг юм. Тухайлбал, хавдар судлал, сэтгэцийн эмгэгтэй өвчтнүүдийг эмчлэх хувийн хэвшлийн эмнэлэг огт байдаггүй бөгөөд мэргэжлээ бизнес болгогсдын хувьд илүү ашигтай учраас эмэгтэйчүүд, дотрын эмнэлэг байгуулж ажилладаг.
Тэдний хувьд хаалгаар нь орж ирж буй өвчтөн бол шууд л мөнгө болж харагддаг гэвэл нэг их хилсдэхгүй. Улмаар чадах, чадахгүй эмч сэтэртнүүд тухайн өвчтнөөс мөнгө салгахын тулд буруу, зөрүү эмчилгээ хийж, хүний аминд хүрсэн тохиолдол ч бий. Тухайлбал, “Алтан-Элс” гэх хувийн эмнэлэг өнгөрсөн хавар хугацаа нь дууссан тариаг өвчтнүүдэд хийж, 10 гаруй хүнийг эрүүл мэндээр нь хохироосон хэрэг гарсан. Хамгийн хачирхалтай нь эдийн засагч, багш мэргэжилтэй хүн хувийн эмнэлэг байгуулчихсан, хүмүүсийг эмчлэх гээд тууж явсан нь эмгэнэлтэй. Түүгээр ч зогсохгүй улсдаа тэргүүлэгч “Ачтан” клиник эмнэлэг өвчтөнийхөө гэдсэнд бинт хийгээд оёчихсон тохиолдол ч бий. Уг нь “Ачтан”-гийн нэр хүнд, үнэ ханш тэнгэрт хадчихсан. Тийшээ мөнгөтэй хүн л зүглэдэг. Ер нь улсдаа томоохонд тооцогддог ганц эмнэлэг нь ингэж хариуцлагагүй хандаж байгаа юм чинь жижгүүд нь хүний амиар тоглох нь аргагүй юм. Түүгээр ч зогсохгүй нэг палатанд эмчлүүлж байгаа таван өөр өвчтний түүхтэй эмчлүүлэгсдэд ижилхэн тариа, эмчилгээ хийлгэж байх жишээтэй. Тэр ч бүү хэл ганц пенциллин хийчихээд баахан тайлбар хэлснийхээ төлөө 200-300 мянган төгрөг нэхэхэд гэнэн, тэнэг нь дэндсэн хүмүүс итгээд хэлсэн мөнгийг нь төлж л байдаг. Иймэрхүү хошин шогийн маягтай үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг нэртэй бизнесийн байгууллагыг цэгцлэхгүй бол хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирохыг таашгүй. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн үйлчилгээний тариф болон эмчилгээг хэн хянах ёстой вэ