УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй төлөөлөгчид 11 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд БНАСАУ-ын Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайд Ри Мён Сүгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намд бараалхав.
Сайд Х.Тэмүүжин Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний эрх ашиг, олон улсын харилцааны нийтлэг эрх ашигт тулгуурлан тогтвортой хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.
Талууд хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн харилцаа, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, БНАСАУ-ын Ражин боомтыг хөнгөлттэй нөхцлөөр ашиглах, Монгол Улсын барилга, зам тээврийн томоохон төслүүдэд солонгосын нарийн мэргэжлийн ажиллах хүчийг авч ажиллуулах зэрэг тодорхой асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын АТАХЯ-ны сайд Ри Мён Сүтэй хэлэлцээ хийж, хоёр орны хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав. Талууд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, боловсон хүчнийг бэлтгэх, сургагч багш солилцох, урлаг спортын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Төлөөлөгчид мөн АТАХЯ-ын дээд сургууль, криминалистикийн төв, зам хөдөлгөөний удирдлагын төвтэй танилцаж, тусгай хүчний үзүүлэх тоглолт үзэж сонирхов.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг БНАСАУ-д айлчлахад Авилгатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, ЦЕГ-ын дарга Б.Билэгт болон ГХЯ, Хөдөлмөрийн яам, Зам тээврийн яамны албаны хүмүүс дагалдан явав хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.