logo
 Н.Алтанхуяг , Д.Тэрбишдагва нах муудалцаж, засгаас гарна гэдгээ мэдэгджээ

Н.Алтанхуяг , Д.Тэрбишдагва нах муудалцаж, засгаас гарна гэдгээ мэдэгджээ

2012/12/03

Ажлаа тайлагнаад, албан тушаалаа хүлээлгэн өгнө
Эрээвэр, хураавар гэж нэр­лэгдэх “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног”-ийн маргааш хамтарсан Засгийн газар бутарч мэдэх нь. Эвслийн байдал эвгүйр­хэж байгааг эртнээс мэдэх Н.Алтанхуяг Шадар сайд Д.Тэрбишдагватай ам мурийж, эцэстээ заамалдаад авсан гэх мэдээлэл өнгөрөгч баасан гаригт түймэр мэт дүрэл­зэв. Төрийн ордныг бүхэлд нь хамарсан энэхүү түймэрт АН болоод Шударга ёс эвслийнхэн түргэн авч, онц байдал зарлахад хүрсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт нэгдсэн чуулганы хуралдаан хуралдах бай­сан ч ирц хүрээгүй шалтгаанаар цуц­лагдсан. МАН-ынхан Өвөр­хангайн тойргийн маргаан шүүхээр эцэслэгдээгүй байхад АН-ын нэр дэвшигчдийг тангараг өргүүлэхийг эсэр­гүүцсэн бол Шударга ёс эвс­лийнхэн Н.Энхбаярын шүүх хурал болон Э.Батшугарын асуудал дээр СЕХ тодорхой тайлбар хийтэл нэгдсэн хуралдаанд оролцохгүй бай­хаар шийдвэрлэжээ. 

Ийнхүү дугуй танхимын үүд нээлттэй байсан ч хуралдаж чадаагүй. Учир явдлын талаар Д.Тэрбишдагва Төрийн тэр­гүүнтэй уулзахаар цаг авсан аж. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлэгчийн хувьд Ерөнхийлөгчтэй санал бодлоо солилцохоор шийдсэн юм байх. Гэтэл АН-ын дарга Н.Алтанхуяг түүний өмнүүр гүйж, хов зөөснөөс болж хоёр эрхмийн дунд маргаан үүсчээ. 

Тэдний маргаан сүүлдээ МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурлын сэдэв рүү хальж, заамдалдаж, нэгэн рүүгээ гар далайхад хүргэсэн гэнэ. Тэр ч бүү хэл, Д.Тэрбишдагва хамтарсан Засгийн газраас гарна гэдгээ хэлээд хаалга савж гарсан талаар ч баттай эх сурвалж мэдээлсэн юм. Түүний энэ мэдэгдэл хүний, өөрийн намынхныг сандаргаж, Төрийн ордон болоод намуудын байранд ч хөл толгой нь мэдэгдэхээргүй үймэв. 

Эвслийнхэн тэр дундаа МҮАН-ын гишүүд Д.Тэрбишдагвыг тайв­шруулах гэж бөөн л юм болж. Улмаар М.Энхсайхан ч Төрийн ордонд “морилж”,   МҮАН-ынхан Н.Бат­цэрэгийн өрөөнд “шуурхай” зар­лав. Дээрх хэргийн талаар Д.Тэр­бишдагваас тодруулсан сэтгүүлчийн асуултад тэрбээр “Айхтар сүрхий зүйл болсон юм байхгүй. Маргаантай асуудал дээр гөлийгөөд яваад байх юм бол ажил урагшлахгүй шүү дээ. 

Засгийн газрын ажлыг урагштай байлгахын тулд хэн, хэнд нь санал нийлэхгүй байх зүйл гарч болно. Тэр хүрээндээ зарим асуудал дээр маргадаг нь үнэн. Тэгэхдээ өнөөдөр бидний дунд тийм маргаан гараагүй, Засгийн газрын 100 хоног гээд ажил ихтэй явна” хэмээн хариулжээ. Тэгэхээр тэрбээр бага ч атугай тайвширсан бололтой юм. Мөн тэрбээр дээрх хариултаараа АН-ын дарга Н.Алтанхуягтай өдөр бүр ам мурийж байдгаа “нуусангүй”. 

Ямартай ч Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, бүр савлаж байна.Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч сарын 30-нд болохоор товлогдсон ч долоо хоног хойшилсон юм. Улсын Дээд шүүх хууль зөрчиж эхэллээ гэх шүүмжлэлийг түүний тойрон хүрээлэгчдийн зүгээс хүчтэй хийсэн. Хэрэв хяналтын шатны шүүх хурлаар экст оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээвэл улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн бослого гаргана гэдгээ эл хүрээнийхэн далд байдлаар илэрхийлэх болсон. 

16 жилийн дараа ялалт байгуулсан АН-тай ураг барилдсан ч аврагдаж чадахгүйгээ мэдсэн экс ч энэ санааг хөхүүлэн дэмжсэн гэх яриа бий. АН-ынханд “барьцаалагдсан” мэт амьдарч байгаагаа МАХН-ын цөөнгүй гишүүн хэвлэлийн хуудсаар зарлаж байсан удаатай. Мөн МҮАН-ын Ц.Цолмон эвсэл дотроо хөрвөлт хийсэн нь нөхцөл байдлыг бүр ч эвгүйтүүлсэн гэлцдэг. 

Энэ талаар Баабар хүртэл “Сонгуульд хамтарч орсон эвсэл тарвал бүлэггүй болох төдийгүй жагсаалтаар орж ирсэн хүмүүс автоматаар хасагдаж Л.Цог, Д.Тэрбишдагва, Г.Уянга, Д.Батцогт гэсэн хэдхэн хүн л үлдэнэ” хэмээн бичсэн нь тэдний хувьд олныг бодоход хүргэсэн биз. Учир нь жагсаалтаар оруулж ирсэн субъект нь байхгүй болохоор жагсаалт хар аяндаа хүчингүй болж, суудлыг нь үлдэх гурван нам хувааж авна. 

Энэ бол хуулийн ойлгомжтой, энгийн логик хэмээжээ. Ингэж хадамд очсон Шударга ёс эвсэл эцэст нь эх баригчдад “барьцаалагдсан” юм. Тэд өнөөдрийг хүртэл тэсч, тэсвэрлэж байгаа нь ганц Н.Энхбаярын давж заалдах шатны шүүхийн шийдвэр. Эцсийн мөчид өршөөл үзүүлнэ гэсэн найдлага. Гэвч тэвчээр нь алдагдаж буйг Д.Тэрбишдагвын үйлдэл баталгаажуулж байж ч мэднэ.

Үнэхээр Д.Тэрбишдагва Зас­гийн газраас гарах өргөдлөө бич­вэл Ардчилсан хүчин дараагийн хамт­рагчаа эрэлхийлнэ. Гэвч хэдийнэ АН МҮАН-ынхантай өнгөрөгч амралтын өдрүүдэд хэлэлцээр хийсэн гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг, М.Энхсайхан нарын дунд хэлцэл эхэлсэн гэнэ. Ц.Цолмон гишүүний хэлсэнчлэн Засгийн газрын хувь заяанд нөлөөлж чадах цөөхөн хүн бий. 

Өөрөөр хэлбэл, тэрхүү цөөн хүний үг, үйлдлээс шинэчлэлийн Засгийн газрын амь амьдрал шийд­вэрлэгдэнэ. Тоглолт ч энэ хүрээнд үргэлжилж буй нь энэ. Засгаас гарах сонирхолгүйгээ алхам тутамдаа мэдэгдэж байдаг МҮАН-ынханд харин ч албан тушаалынхаа суудлын тоог нэмэгдүүлэх сайхан боломж. Гэвч МАХН дангаараа Засгийг орхисноор Н.Алтанхуягийн босгосон “барилга” хуулийн хүрээнд зөвшөөрөлгүй болж Э.Бат-Үүлийн их цэвэрлэгээнд нэр­вэгдэх нигууртайг эл хүрээнийхэн сайтар мэдэж буй. 

Иймээс л өнгөрсөн хугацаанд эвслийг “Битгий задраарай” гэх үгийг ил, далдаар хэлж, эцэст нь “барьцаалсаар” өнөөг хүрсэн би­лээ. Ямартай ч улс төрийн нөхцөл байдал савлаж, МАН, МАХН-ын ган­цаарчилсан тоглолтууд АН-ынхныг ацан шалаанд оруулж эхэллээ.

  Л.Нинж
Эх сурвалж: "Нийгмийн Толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш