logo
 Бялуу горьдогчдын хоёрдугаар эгнээнийхэн бүрээ дуугарахыг хүлээж сууна

Бялуу горьдогчдын хоёрдугаар эгнээнийхэн бүрээ дуугарахыг хүлээж сууна

2012/12/05
МАН-ын экс генсек У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар намын жагсаалтын аравт бичигдсэн Д.Сарангэрэл парламентад арав дахь эмэгтэй гишүүн болж орж ирлээ. “Шударга ёс” эвслийн жагсаалтын мөн аравт бичигдсэн Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ өвөртөлсөн боловч тус эвсэлд багтдаг МАХН-ынхан түүний оронд хууль зүйн академич С.Нарангэрэлийг парламентад оруулах сонирхолтой байгаагаас болж Оюунбаатарыг хойш татаад буй сурагтай.

Ер нь УИХ-ын сонгуулийн тойрогт нэр дэвшсэн хийгээд намын жагсаалтанд дээгүүр бичигдсэн эрхмүүдээс парламентад багтаагүй хэсэг нь эхнээсээ засаг төрийн өндөр алба хашаад эхэллээ. АН-ын намын жагсаалтын “14″-т бичигдсэн ЗТБХБ-ын дэд сайд байсан А.Гансүх Зам тээврийн сайд болсон бол 13,15-д бичигдсэн АН-ын секретарь Б.Ургамалцэцэг, МоАХ-ын секретарь Г.Байгальмаа нар дэд сайдын суудалд залрав. 18 ба 20-д жагссан Р.Эрдэнэбүрэн, Ж.Батболд хоёр яамны төрийн нарийн бичгийн дарга болсонтой адил экс гишүүн П.Алтангэрэл тойрогт өрсөлдөөд унасан ч бас төрийн нарийны сэнтийд морилсон. Харин намын жагсаалтын 27-д бичигдсэн телевизийн захирал Ц.Оюундарь АН-ын генсек болов.

Мөн Төв болон Завхан аймгийн АН-ын хорооны дарга Д.Доржпүрэв, Б.Шинэбаатар хоёр орон нутагтаа ялж чадаагүй ч нам нь УИХ-д олонхи болсны буянаар Доржпүрэв нь дэд сайд, Шинэбаатар нь төрийн нарийны суудал эзэлсэн. Экс гишүүн Г.Батхүү, Л.Гансүх, Д.Одхүү, Я.Батсуурь нар тойрогт өрсөлдөөд ойчсбнболовч нам нь тэдний1ээ орхилгүй Батхүү УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөх, Д.Одхүү зөвлөх, Л.Гансүх нь ерөнхий сайдын ахлахзөвлөх, Я.Батсуурь “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал болцгоов. Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд цөөхөн саналаар босгоны ард хоцорсон И.Нарантуяа хэмээх эмэгтэйд Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын алба оногдсон бол “Шударга ёс” эвслийнхэн АН-ынхнаас дутахгүй амтат бялуугаа гишүүддээ тараалаа.

Тухайлбал Засгийн газрын шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн шадар цэрэг асан Т.Дуламдоржийг Онцгой байдлын ерөнхий газрын даргаар тавьсан бол Б.Тулга Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, Э.Эрдэнэжамъян Хууль зүйн дэд сайд, О.Чулуунбат Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгч болцгоолоо. Төрийн алба хашиж байхдаа намын жагсаалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн гэдэг шалтгаар СЕХ-ноос эрхээ хасуулсан гавъяат хуульч С.Нарангэрэлийг УИХ-д оруулж дөнгөхгүй бол Ардын намын С.Төмөр-Очирын оронд МУИС-ийн ректор болгох операци явагдаж буй сурагтай. “Шударга ёс” эвслийн нөгөө хамтрагч МҮАН-ынхан ч хоосон гуяа тэврээд хоцорсонгүй.

Намын дарга М.Энхсайхан нь Сангийн сайд болох санаатай байсан ч аз дутаж Ч.Улаанд жийгдээд “Монголын төмөр зам” компанийн захирал болсон бол тус намын дэд дарга Б.Цогтгэрэл Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008 онд УИХ-д сууж Батлан хамгаалахын сайд явсан Ж.Батхуяг эвслийн жагсаалтын 11-д бичигдсэн үзүлэлтээрээ дээшээ харайж Хөдөлмөрийн дэд сайдаар томилогдоцгоов. Гэвч сонгуульд өрсөлдөөд бүдэрсэн Л.Гүндалай, Д.Зоригт, Ц.Сэдванчиг, Д.Кёкүшюзанбатбаяр нарын экс гишүүд, Ч.Куланда, Д.Нямхүү, Б.Ариунсан нарын дэд сайдууд болон хотын орлогч Да.Ганболд нар гомдолтой яваа сурагтай. Учир нь тэдний урдуур зарим азтай амьтад гүйлдэж очоод сайдын сэнтий зайдалсанд тэр бололтой. Намын жагсаалтаар явсан А.Гансүх болон Архангайн тойрогт ойчсон Н.Удвал хоёр яамны сайд болсон төдийгүй сонгуульд ч нэр дэвшээгүй, намын жагсаалтанд ч багтаагүй нөхөд гэв гэнэтхэн дэд сайд болж монцойсонд тэдний эгдүү, зэвүү хоёр нь зэрэгцэн буцалж байгаа юмсанж.

Тухайлбал Ц.Туваан, Э.Тамир, Ж.Амарсанаа, А.Баттөр, О.Эрдэнэбулган, М.Түмэнжаргал, С.Пүрэв зэрэг хэн ч мэдэхгүй, үл танигдах товаришууд дэд сайд болон мандсан нь тийн эгдүүцүүлсэн байна. Тэдэн дунд “Гангар инвест” гэдэг барилгын компанийн босс С.Пүрэв Сангийн дэд сайд, “Гермес” компанийн захирал М.Түмэнжаргал Соёл спорт, аялал жуулчлалын дэд сайд, Анод банкны захирал явсан О.Эрдэнэбулган, Уул уурхайн дэд сайд, ГХЯ-ны консулын газрын дарта Д.Ганхуяг Гадаад харилцааны дэд сайдын суудал эзэлсэн байна.

Үүнд эгдүүцэгчид зөвхөн тэднээр зогсохгүй. АН-ын төлөө гутлаа маажийтал явсан экс дэд сайд Ч.Куланда, Д.Нямхүү болон Да.Ганболд, банкир Б.Мэдрээ нар “Надад ажил өг!” гэж ганганаж яваа аж. Тэр бүү хэл маапаан булхайтай сонгууль болсон гэгддэг Дорнодын тойргийн Б.Мөнхцэцэг, Увсын Нямхүү, Мэндсайхан, Дарханы тойрогт нэр дэвшсэн Б.Мөнхтуяа нар ч тийм бодолтой буй гэлцэнэ. АН дотроо олон фракцтай. Ерөнхий сайд Алтанхуягийн “Алтангадас”, Х.Баттулгын МоАХ, Ерөнхийлөгчийн “Нэг ардчилал”, спикер З.Энхболдын Шонхор, Лу.Болдын Зүүн хойт Азийн нийгэмлэг, Нямхүүгийн “Кроун”, Б.Батбаатарын Мөнхтэнгэр болон МҮДН, Чандмань гээд фракц бий. Ямартаа бялуунаас амсаагүй яваа нөхдөд “Эхлээд фракцад бялуу хуваагаад та нарыг бодъё” гэсэн яриа байгаа бололтой юм. Өөрөөр хэлбэл албан тушаалын бялуу хүртэх хоёрдугаар эгнээнд дугаарлаж байгаа нөхөд тун хилэнтэй яваа гэлцэнэ.

Эрдэнэтийн ГОК, Гаалийн ба татварын ерөнхий газар, НийТмийн даатгалын газар ба Мэргэжлийн хяналтын газар, Төрийн өмчийн хороо гээд цөөнгүй зөөлөн мөртлөө ашигтай газрын сэнтий эзнээ хүлээж байгаа. Бас аймгуудын засаг даргын амттай суудал ч бий. Гэвч ялсан намууд орон нутгийн сонгуулийн дүнг хүлээхээр шийджээ. Хэрэв нам нь аймагтаа олонхи болвол Л.Гүндалайгаас эхлээд орон нутгийн ноён болох хүсэлтэй гэнэ. Тэгэхдээ Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Ховд аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж, “япон хатагтай” Ч.Куландагаас эхлээд элчин сайд болох хүсэлтэнгүүд ч байгаа бололтой. Түүнчлэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн дахин санал хураалт болон Өвөрхангай, Увс, Дорнод, Дархан-Уул аймгийн будлиантай гэгдэх тойргуудын эцсийн шийдийг чагнан суугаа эрхмүүд ч бас байгаа. Тэр бүү хэл У.Хүрэлсүх шиг УИХ-ын гиц /үнээсээ татгалзах хүн гараасай гэж горьдогчид хүртэл байдаг гэж сонсогдоно лээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: АЛАГ ХОРВОО СОНИН

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш