logo
Професор Т. Намжим: Дарханд баригдах газрын тосны үйлдвэр гацаанд байна

Професор Т. Намжим: Дарханд баригдах газрын тосны үйлдвэр гацаанд байна

2011/07/19
 “Монголсэкию” ХХК-ийн захирал, доктор професор Т. Намжимтай ярилцлаа.

-Газрын тосны үйлдвэр барих ажил юун дээрээ гацаад байна вэ?
-Олон улсын хэмжээнд болон Япон улсад тогтсон нийтлэг журмын дагуу  Японы JBIC банкнаас олгох зээл санхүүжилтэд Монгол улсын Засгийн газраас баталгааны бичиг гаргаж өгөх шаардлага тавиад байгаа . Энэхүү баталгааны бичгийг хууль эрх зүйн хүрээнд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Монгол улсад уул уурхай, боловсруулах үйлдвэр , дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын 2009 оны 22 дугаар тогтоолын заалтын дагуу “ Хөрөнгө оруулалтын зээлд баталгаа гаргах тухай” хуулийг Сангийн Яам, ЗГ боловсруулж УИХ-д оруулж батлуулах үүрэгтэй байгаа. Үүний дараагаар, үйлдвэрийн зураг төслийг боловсруулах , барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж Японы JBIC банк болон Марубени корпорацитай зээл санхүүжилтийн хэлэлцээр хийгдэж үйлдвэр барих ажил 2011 оноос эхлэх ёстой. Энэ баталгаан дээр удаашраад байна.
-“Хөрөнгө оруулалтын зээлд баталгаа гаргах тухай хууль” батлагдсанаар  гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын нэлээд асуудлууд цэгцлэгдэх юмаа даа?
-Энэ хууль батлагдсанаар Монгол улсад уул уурхайн олон ордуудыг эзэмших асуудал, “Таван толгой”,  Уран боловсруулах үйлдвэрүүд, Зэс хайлуулах, Хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх гээд дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэх асуудлууд шийдэгдэнэ. Төмөр зам, цахилгаан станц барих гээд энэ бүгдэд  хөрөнгө  оруулалтыг бүрдүүлэх арга зам бол банкны урт хугацаатай, бага хүүтэй зээл. Иймээс олон улсын санхүү, банк болон засгийн газрын шугамаар арилжааны нөхцөлтэй урт хугацаатай хямд хүүтэй зээл авахад төр засаг нь баталгаа гаргаж өгөх байдлаар хувийн  хэвшилд дэмжлэг үзүүлснээр том том төслүүдээ хэргжүүлэх нь дамжиггүй юм. Хөрөнгийн биржээр хувьцаа худалдана гээд байгаа ч үүгээр шийдэж чадахгүй. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал. Сангийн Яам, Засгийн Газарт даалгасан боловч харамсалтай нь их удаж байна. Сүүлийн 20 жилд бодит эдийн засгийн төсөл хэрэгжээгүй. Одоо бол бодит эдийн засгийн өсөлт хөгжлийг  нэмэгдүүлэхийн тулд томоохон ордуудыг эзэмшин боловсруулах үйлдвэрийг байгуулах, түүнтэй холбоотой дэд  бүтцийн төсөл хэрэгжүүлэхгүйгээр уул уурхай хөгжих үндэсгүй.
 
-Японы тал техникийн зураг төсөл боловсруулах ажлын санхүүжилтэд шаардагдах зардлыг манай ЗГ-ыг гарга гээд байгаа гэл үү?  
-Хөрөнгө оруулалтын санхүүжилт нээгдэхээс өмнө техникийн зураг төслийг боловсруулах ажлын санхүүжилтэд шаардагдах  хоёр сая ам долларын асуудал урьдчилан шийдэх зайлшгүй шаардлагатай байгаа. Үүний нэг сая ам долларыг Монголын талаас гаргахыг Японы тал санал болгоод байгаа. Монголын тал уг төсөлд хувь оролцоотой байх учир гаргах нь зайлшгүй гэж үзээд байгаа. 
-Ер нь энэ ажлыг эхлүүлэхэд манай талаас шалтгаалаад байна аа даа. 
-Манай Консорциум дээрхи асуудлыг яаралтай шийдэж өгөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд С. Батболдод албан бичгээр хүргүүлсэн. Мөн Японы талд Сангийн сайдаас МУЗГ –ын баталгаа өгч  болно гэсэн утгатай албан бичгийг урьдчилан JBIC банкинд өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 10- ны дотор явуулсан.
-Зээлийн хөрөнгө оруулалтаар баригдах үйлдвэрт  хувийн компани оролцох шаардлага байна уу? “Монголсэкию” компани төсөл дуусахаар эзэмшигчээр үлдэх үү? 
-Япон, Монголын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлэхэд  төр болон хувийн хэвшлийн эдийн засгийн холимог харилцаа чухал болж байна. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг хангаж байгаа нөхцөлд төр хувийн хэвшилтэйгээ хамтрах нь хөгжлийг түргэтгэхэд нөлөө үзүүлнэ.  Монгол Улсын 2011 оны үндсэн чиглэлд  “Дархан –Уул  аймагт жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар болон хувийн хэвшлийн компанийн оролцоотой консорциум байгуулж үйлдвэрийг барьж эхлүүлэх“ гэж заасныг үндэслэн манай компани оролцож  байна. Манай гурван компани  Засгийн газрийн хувь оролцоо 40 хувь, “Монголсэкию” компанийн оролцоо 60 хувь байх саналыг оруулж байгаа.  Мөн төрийн болон хувийн хэвшлийн консорциум байгуулах талаар Засгийн газраас шийдвэр гаргаж өгөхийг хүсч байгаа. Энэ нь Японы JBIC банкнаас төслийн зээл олгоход нэг үндэслэл болох юм. “Монголсэкию “ХХК нь 2006 онд энэхүү төслийг Японы талтай хамтран гүйцэтгэхийн тулд Монголын талын хуулийн этгээд байх үүднээс байгуулагдсан компани. Төрийн болон хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэр хэлбэрээр явах Монголын компани. Эзэмших эрхийг төрийн өмчийн хороо шийднэ.
-Үйлдвэрийн түүхий эд болох түүхий тосыг  ОХУ-аас авахаар болсон гэв үү? Тамсагаас авах боломж байгаа юу? 
-Түүхий тосны хэрэгцээг хангах асуудлаар ”Монголсэкию“ компани, Марубени корпораци, Иркутскийн нефтийн компанитай хэлэлцээ хийж энэхүү үйлдвэрт 2014 оны эхний хагасаас газрын тос нийлүүлэх тухай Меморандумд Эрхүү хотноо өнгөрөгч  оны наймдугаар сард гарын үсэг зурсан. Эхний жилдээ гаднаас түүхий тосоо импортоор авч байгаад цаашид Монголын нутаг дэвсгэрт Тамсаг булагт ч юм уу хангалттай их хэмжээний олборлолт явагдвал дотоодоосоо түүхий тосоо авах чиглэлтэй байгаа. Одоогоор Тамсагийн геологийн нөөц 119 сая тонн нөөцтэй. Олборлолт, ашиглалтын нөөц нь 13,7 сая тонн, тэгэхээр хангалттай  нөөц болж чадахгүй. 
-Үйлдвэр баригдсанаар тухайн нутаг орны дэд бүтцийн байгууламж хэр сайжрах вэ? 
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэд бүтэц сайтай газар байгуулах ёстой. Иймээс Дархан-Уул аймгийг сонгосон. Их хэмжээний ус, цахилгаан хэрэглэдэг. Цагт 200 тонн ус хэрэглэж, 21 мегаваттын цахилгаан хэрэглэнэ. Үйлдвэрийн байрлал нь Дархан-Уул аймгийн зүүн урд “Дархан-2” дэд станцын ойролцоо баригдана. Энэ газар цэвэр бохир усны байгууламжийн хүрэлцээ, усны нөөц сайтай.  Төмөр зам, авто замын салаа тавигдана. Дархан дэд станцаас үйлдвэр хүртэл 2,5 км цахилгаан шугам трансформатор барина. Түүхий бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүнийг ачиж буулгах төмөр замын тавцан байгуулна. Ажилчдын орон сууц гээд олон барилга байгууламж баригдана. 
-Түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүн  импортлоход ялгаагүй юм биш үү гэж ярьцгаадаг?
-Ялгаатай. Дэлхий дээр 20,30 орон л түүхий тосны нөөцтэй. Ихэнх орон импортлож боловсруулдаг.Манайх түүхий тосыг боловсруулснаар 600 хүний ажлын байр нэмэгдэнэ. Цоо шинэ техник, технологи  нэвтрэнэ. Жилд 700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Улсын төсөвт жилд 260 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Гэтэл бэлэн бүтээгдэхүүн , бензин, дизелийн түлш импортлогч компаниудын жилийн шатахууны борлуулалтаас улсын төсөвт 8  орчим тэрбум нь орж байдаг юм билээ. 
-Технологийн давуу тал, байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах хор, сөрөг нөлөөллийг хэр багасгасан вэ?
-ОХУ жилдээ европын орнуудад 39 сая тонн дизелийн түлш экспортлодог. Тус орнууд дизелийн түлшийг хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж үзэж хямдхан авч дахин боловсруулдаг. Бензиний тухайд хар тугалга, кадми зэрэг хүнд металлын хорт хольц,  хүхрийн агуулга ихтэй зэргээс болж  стандарт шаардлага хангадаггүй учраас авдаггүй. Японы технологи хүхэргүйжүүлэх том байгууламжтай. Тиймээс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй. Мөн үнэргүйжүүлэх технологи нь онцгой өндөр. Манайд ШТС-аас бензин юүлэхэд маш их үнэртдэг. Тэр хэмжээгээр орчноо хордуулж байдаг. Манайд хийсэн саяхны нэг судалгаагаар хотын төв дотор амьдардаг хүүхдийн цусанд хар тугалга 16 микрограмм илэрсэн. Энэ нь ДЭМБ –ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их,  харин гэр хороололд хашаандаа машинаа тавьж хонодог айлын хүүхдийн цусанд 70 микрограмм хар тугалга илэрсэн гэж. Энэ бол зөвшөөрөгдөх хэмжээнээс асар их. Иймээс өндөр чанартай технологи Монголд нэвтэрч байгаа учир энэ байдал багасна.  Шинэ шилдэг технологоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдэг маш их ач холбогдолтой. Үүгээрээ  Орос, Хятадын технологиос давуу юм.
-Жижиг үйлдвэр хаягдал ихтэй байдаг гэсэн хаягдлаа яаж шийдвэрлэх вэ? Ер нь үйлдвэрийн байгууламж нь ямархуу хэмжээтэй байх вэ?
-Технологи өндөр учир 90 хувь нь шингэн түлш болж гарна. Хаягдал гардаггүй. Харин мазут нефтийн коксийг утаагүй түлшинд хэрэглэж болно. Асфальт, витум хийж болно. Бага хэмжээтэй ялгарсан хүхрийг химийн үйлдвэрт өгч болно. Орос, Хятадын технологи нефтиэсээ 50 орчим хувь нь шингэн түлш болж гардаг. Америкийн  болон  Евро таван технологоос ч өндөр. Үйлдвэр нь 13 техникийн байгууламжаас бүтнэ. Эхлээд түүхий тосоо оруулаад давсгүйжүүлээд, нэрэлтийн аппаратад оруулах байгууламж байна. Доторхи нэрэлтийг автомат удирдлагын системээр удирдана. Дараа нь боловсруулалтын шатанд шилжинэ. Тэгээд хоргүйжүүлэх, үнэргүйжүүлэх, шат дараалсан дамжлагаар дамжигдан эцсийн бүтээгдэхүүн болно. Тос хадгалах савны диаметр нь 52 метр, өндөр нь 15 метр хөвдөг тагтай, зургаан том сав тавигдана.120 төрлийн төхөөрөмжтэй лаборатори ажиллана. Бэлэн бүтээгдэхүүнээ төмөр зам болон авто машинаар ачих  байгууламж , 20 вагоны сесчерээс түүхий тосыг зэрэг буулгах насосын станцын байгууламж зэрэг төмөр замын тавцан байна. Харуул хамгаалалт,  гал команд гээд бүх зүйл бэлэн байдалд ажиллана. ТЭЗҮ-ээр 50 инженер техникийн ажилчдыг Японд бэлтгэж, 220 техникийн ажилчдыг дотооддоо бэлтгэнэ. Өнгөрсөн оны аравдугаар сард үйлдвэрийг барьж байгуулах Японы “Тоёо инженеринг” корпорацийн төлөөлөгчид  Дарханд очиж туслан гүйцэтгэх компаниудыг орон нутгийн барилгын , цахилгаан эрчим хүчний, усны компаниудыг сонгож оролцуулахаар тохиролцсон. “Тоёо инженеринг” корпораци түлхүүр гардуулах нөхцөлөөр гурван жилийн хугацаанд барина. Сүүлийн 40 жилд дэлхийн 50 улсад 1500 хими-нефтийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлсэн нэр хүндтэй туршлагатай компани. 
-Зардлаа хэдэн жилийн хугацаанд нөхөж хэзээнээс ашигтай ажиллаж эхлэх вэ?
-Хөрөнгө оруулалтыг  дөрвөн жилийн хугацаанд нөхөж ашигт ажиллагааны түвшинг 25 хувь байхаар тооцсон. Зээл болон зээлийн хүүг үйлдвэр ашигт ажиллагааны хувиар арван жилийн хугацаанд төлнө. 600 сая долларыг эхний жилд 30 сая, 60,60 саяар дараа дараагийн жилүүдэд төлж барагдуулна гэсэн үг. Япон улс  өндөр техник технологио гадаадад нэвтрүүлэх бодлогоор энэхүү төслийг хямд хүүтэйгээр зээлэх боломжийг зээлийн хэлэлцээрийн явцад хийнэ гэдгээ мэдэгдсэн. Дотоодын хэрэглээг 100 хувь хангана. 2015 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд жилд нэг сая тонн дизелийн түлш, 600 мянган тонн бензинийг дотоодын хэрэгцээнд нийлүүлнэ. Бензин шатахууны үнэ тухайн үеийн дэлхийн зах зээлийн түүхий нефтийн үнээс хамаарна. Гэхдээ үнэ маш тогтвортой хадгалагдана. Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн гарч агаарын бохирдол буурахад онцгой нөлөөлнө. 
Ц.Мягмарбаяр
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш