Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, “Номдор” хэвлэлийн газар хамтран "Оны онцлох үг-2012" арга хэмжээг зохион байгууллаа. Оны онцлох үгийг шалгаруулахын тулд, тус хэвлэлийн газар, хэл бичгийн эрдэмтдийн оролцоотойгоор олны анхааралд хамгийн их өртөж хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгсэн 21 үг хэллэг сонгон цахим хуудсуудаар санал авсан байна. Санал асуулгаар хамгийн их санал авсан 10 үг хэллэгийг “Оны онцлох үгээр” тодруулан батламж гардуулжээ. 2012 оны онцлох үгээр, олимпийн хос медаль, машины дугаарын хязгаарлалт, шинэчлэлийн Засгийн газар, буйдантай суулт, салаавч, паркийн газар, жиргээ, дэлхийн сүйрэл-2012.12.21, дөрвөлсөн үйлчилгээ, нарны гүүр зэрэг үгс шалгарсан байна. Оны онцлох үг шалгаруулах арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр оролцон батламжаа гардан авлаа. Тэрээр, “Оны онцлох үгийн 2 дугаар байранд Машины дугаарын хязгаарлалт гэсэн үг оржээ. НИТХ-ын тогтоол болон Засаг даргын Захирамжаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн юм. Эхний ээлжинд хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2012 оны 08 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд энэхүү арга хэмжээг явуулж, авто машиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах журам гарсан. Хоёр сарын дараа бид ажлаа дүгнэн НИТХ-аар хэлэлцүүлэхэд замын түгжрэлийг 20 хүртлэх хувиар бууруулж чадсан гэсэн үзүүлэлттэй байсан. Энэ арга хэмжээг дахин үргэлжлүүлэх тухай анх удаа иргэдийн дунд санал асуулга явуулахад иргэдийн дийлэнх нь дэмжиж, НИТХ-аас хугацаагүйгээр энэхүү арга хэмжээг мөрдөх тухай тогтоол гарсан юм. Авто машиныг улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулснаар замын хөдөлгөөний ачаалал 20 хүртэлх хувиар буурсан” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.