logo
Гитарчин Д.Өлзий-Орших: Ам барьж дуулдаг дуучин, хамтлагийн тоглолтыг канондсон мөнгөөр үзвэл таарна

Гитарчин Д.Өлзий-Орших: Ам барьж дуулдаг дуучин, хамтлагийн тоглолтыг канондсон мөнгөөр үзвэл таарна

2012/12/08
“Никитон” хамтлагийн гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгийг онцолж байна. Тэрбээр саяхан фейсбүүк хуудсандаа амьдаар дуулдаггүй понограмм тавин ам барьж, үзэгчдийг хуурдаг дуучдыг тайзнаас буух цаг болсон гэжээ. Мөн амьдаар дуулах, амьд тоглолт хийх хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт оролцоно гэдгээ ч бичжээ.

Та нар намайг үхэн үхтэл утасгүй гитараар жүжиг тавихыг хэзээ ч харахгүй

Өөжгий “Сүүлийн үед энэ понограмм тавьж дуулдаг дуучид арай дэндлээ. Бүтэн тоглолтын турш бүх дуугаа ам барьж дуулдаг дуучний тоглолт үзлээ. Бас нэгэн тоглолтон дээр оркестроороо хуруугаа хөдөлгөж дүр эсгэж суусан сураг байна. Хүмүүс хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө тасалбар худалдан аваад үзэж байхад понограмм тавьж жүжиглэж зогсдог хүмүүс тайзнаас зайлвал таарна” хэмээн бухимдсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Тэгэхэд нэгэн фейсбүүкийн найз нь “хэн ам барьж дуулдагийг шулуунхнаар хэлчихвэл дээр биш үү" гэхэд Өөжгий хариуд нь “Нэр цохоод хэлбэл фейсбүүкээр дүүрэн хэрүүл маргаан гарах байлгүй дээ. Өөрсдөө мэдэж байгаа биз. Удахгүй амьдаар дуулах, амьд тоглолтын тухай хуультай болно. Тэр цагт ам барьж дуулдаг олон хүмүүс зодог тайлах байлгүй дээ" гэсэн юм. Тэрбээр цааш нь “Манайд гэхдээ “Харанга”, “Никитон”, “Номин талст”, “Fire”, “Sweetymotion” Ариунаа, Сарантуяа зэрэг амьдаар дуулдаг олон хамтлаг, дуучин байна. Миний бодлоор ам барьдаг дуучдаас илүү амьдаар дуулдаг дуучин олон. Та нар намайг үхэн үхтэл дуугардаггүй, утасгүй гитартай жүжиг тавихыг хэзээ ч харахгүй" хэмээжээ.

Тэд ам барьж, Оркестрыг хүртэл тоглолтон дээрээ хуруу гарыг нь хөдөлгүүлж үзэгчдийг хуурдаг

Гитарчин Өөжгийгийн ам барьж дуулдаг дуучдыг шүүмжилсэн сэтгэгдэлд фейсбүүкийн олон найзууд нь дэмжиж бас сэтгэгдлээ бичжээ. “Sweetymotion” хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч Чинбат өнгөрсөн аравдугаар сард “Аравт” киноны хөгжмөөр тоглолтоо хийсэн билээ. Уг тоглолтыг үзсэн зарим хүмүүс эгдүүцэж сэтгэгдлээ бас бичжээ. Тэрбээр “Чинбат тоглолтон дээр үзэгчдийг арай дэндүү муухайгаар доромжилсон шүү. Бүхэл бүтэн оркестр суулгачихаад понограмм тавьж үзэгчдийг хуурсан. Өөрөө уг нь оркестроо удирдаж байсан шүү дээ. Арай л муухай” гэжээ. Тэгтэл бас нэгэн найз нь “Би Б.Амархүүгийн тоглолтыг үзсэн. Үнэхээр маш их урам хугарсан. Ингэж ам барьж дуулна гэж бодоогүй. ОХУ-д ам барьж дуулахыг хуулиараа хориглодог гэсэн. Гэтэл Монголынхоо үзэгчдийг хуурсан. Тайзан дээр зогсоод дуулж байгаа юм байж үзэгчдийнхээ нүдэн дээр юу ч болоогүй юм шиг микрофоноо асааж, унтрааж байсан. Ганц, хоёрхон орос дууг л амьдаар дуулсан байх” гэв. 

Өөжгийн үүний хариуд “Ингэж бие даасан тоглолтоо хийж ам барьж дуулдаг дуучин олон бий. Саяхан зохиолын дуучин Төрмандах гэдэг нэг нөхөр бие даасан тоглолтоо хийж байж хэнэг ч үгүй ам бариад дуулж байсан. Би телевизээр үзсэн юм” гэжээ. Бас нэгэн найз нь сэтгэгдлээ үлдээхдээ “Саяхан “МИХ” хамтлагийн менежер О.Пүрэв нь тоног төхөөрөмж нь гологдоод амьдаар дуулж болдоггүй гэсэн шүү дээ. Энэ үнэн болов уу” гэхэд “За тэр менежерт нь битгий солиор л гэж хэлье. Би 1983 оноос хойш .тайзан дээр амьдаар тоглож байна. Сургалт гэж нэртэй монгол өсгөгчөөс эхлээд “Vermona”, ‘Tesla”, “Regent” зэрэг германы өсгөгч, орос гитар гээд тоглож болох бүх л юмаар тоглож байсан. Тэр үед тоглож болоод байсан юм чинь одоо бүр цаг хөгжөөд гоё болсон байгаа шүү дээ. Монгол өнөөдөр тоног төхөөрөмжөөр хаанаас ч дутахгүй” гэжээ.

Б.Марал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш