logo
Micheal Learns To Rock хамтлагийнхан Төрийн ордонтой танилцав

Micheal Learns To Rock хамтлагийнхан Төрийн ордонтой танилцав

2012/12/08
“Micheal learns to rock” хамтлаг энэ сарын 7, 8-нд  “UB Palace”-т тоглолтоо хийж байна. Тэд энэ онд Азид аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд “Evento” компани Монголын үзэгчидтэй тэднийг уулзуулахаар болзоо тогтоосон юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монголын залуучуудын холбоо, амьд хөгжим, гэрэлтүүлгийг “Total music” хариуцан ажиллаж буй юм.
 “Micheal learns to rock” нь 1988 онд дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан Данийн поп, софт рок, хамтлаг. Тухайн үед бүтэн өгүүлбэр бүхий урт нэртэй хамтлагууд олноороо төрж байсны нэг нь “Micheal learns to rock” буюу “Майкл рок сурахыг хүсч байна” хамтлаг юм. Сонирхуулахад, тус хамтлагийн бараг гаргасан дуу бүхэн клиптэй. Тэд байгуулагдсан цагаасаа хойш дэлхий даяар цомгоо 11 сая хувь борлуулсан бөгөөд дийлэнхийг нь Азийн зах зээлд худалдаалсан аж. Тус хамтлагийн анхны аялан тоглолт Азиас тэр дундаа Бангкок хотноо 12 мянган үзэгчийн өмнө эхэлж байсан түүхтэй. Мөн бидний сайн мэдэх “Take me to your heart” хит дуу нь 2006 онд интернэтээс хамгийн их татаж авсан дуугаар шалгарч байсан юм.
Улаанбаатарт зохион байгуулах тоглолтынх нь өмнө УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг хамтлагийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Монголын залуучууд дэлхийн хөгжмийн соёлоос алхам ч хоцрохгүйгээр шинэ мэдээлэл бүрийг хүлээн авч, хит бүтээлүүдийг нь шимтэн сонсдогийг тэрбээр ярианыхаа эхэнд тодотгоод, 30 хэмийн халуун Индонезээс 30 хэмийн хүйтэн Монголд ирсэн энэ эрс тэс нөхцөлд дасч байгаа эсэхийг нь асууж, эх оронд маань тухтай зочлон саатахыг урилаа.
Мөн энэ үеэр эх орныхоо байгаль цаг уур, түүх соёл, ард түмний зан сэтгэлгээ болон Монголын ардчиллын хөгжил, шинээр байгуулагдсан Засгийн газрын зарим онцлох үйл ажиллагааны талаар хамтлагийн уран бүтээлчидтэй нөхөрсөг яриа өрнүүллээ. Уулзалтын төгсгөлд Монголын фэнүүдтэйгээ уулзах тоглолтод нь амжилт хүсч, Монголын соёл уламжлалыг илтгэх дурсгалын зүйл гардуулсан юм.
“Micheal learns to rock” хамтлаг Балба, Дани, Индонез, Хятад, Тайланд, Малайз, Финлянд, Хонконг, Энэтхэг, Япон, Сингапур, Тайвань, Өмнөд Африк, Швейцарь, Бангладеш, Арабын Нэгдсэн Эмират Улс, Вьетнам, Камбожи, Норвеги, Өмнөд Солонгос, Шри Ланк, Швед, Испани, Финлянд, Герман, Их Британи зэрэг нийт 21 орноор аялан тоглолтоо хийсэн байна.Улаанбаатар хотноо хоёр үдэш тоглолтоо хийснээр тус хамтлагийн “Asia tour-2012”аялан тоглолт өндөрлөх юм.
Тус хамтлагийнхан ЗГХЭГ-ын даргатай уулзсаны дараа Төрийн ордонтой танилцан, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үзэж сонирхсон.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш