Арай ч ингээгүй байх гэсэн чинь яг л тийм юм болсон гэж Баянгол дүүргийн цагдаад мэдүүлэг өгсөн гэрчүүд ярьсан байх юм. С.Батцэцэгт хамуулсан эрийн байр байдлыг харахад балмад, гудамжны эр гэж бодлоо. Тэгсэн тэгж арчаагаа алдсан эрийг их эмч гэж сонсоод бүр гутрав.
Эндээс нэг л зүйл ойлгогдож байна. Монголын эмэгтэйчүүдийг хайрлах цаг болжээ. Хамгаалах цаг ирсэн байна. Бүр хуульчилж байгаад монгол бүсгүйчүүдээ хамгаалалтдаа авахгүй бол газар авах нь. Өнгөрсөн зун Урт цагааны тэнд нэгэн эмэгтэйн банзлыг хоёр согтуу нөхөр сөхөж тохуурхаад хичнээн уур хүргэв. Бас гудамжинд зүгээр алхаж явсан эмэгтэй рүү нэг нөхөр гэнэт усан буугаар буудаад аймаар цочоосон явдал санаанд байна. Үнхэлцэг нь хагарах шахаж байгаа харагдсан. Бүсгүй хүн гэдэг бол эвгүй ч хөдөлж болдоггүй нандин амьтад шүү дээ. Өөрийн биедээ бүхэл бүтэн хүн тээж яваа бүсгүй байвал яах юм бэ. Сав сааль нь цочсоноос болж хөдөлбөл яана. Ийм эмзэг, хэврэг амьтад гэдгийг энэ муусайн эргүү эрчүүдийн дийлэнх нь ойлгодог ч үгүй юм шиг байна.
Монгол эрчүүдийн эмэгтэй хүнд эрэлхүүг яанаа. Өөрсдөө юу ч чадахгүй. Сая хамуулж шившгээ хутгасан эмч эрийн дэргэд С.Батцэцэг гэдэг чинь аймаар амьтан байхгүй юу. Дэлхийд гялтайж байгаа монгол бүсгүй. Тиймдээ тэсч гарсан байх. Тэрнээс өөр эмэгтэй байсан бол тэр муу эр, хөөрхий эмэгтэйн гэдэс рүү өшиглөсөн л дөө. Би ч эр хүн л дээ. Гэхдээ л түүнийг тэгж хамж унагасныг хувьдаа “Больж муу хогийг. Дээрээс нь нэг сайн дэвсчихгүй” гэж бодож байгаа. Би лав тэгж унасан бол эгцэлж харахгүй зугтаана. Тэгсэн яаж байна гэнэ ээ, цагдаа дуудаарай, амь авраарай гэж орилсон байгаа юм даа. Монгол эр хүний мөн чанарыг гутаасан байна. Уучлаарай гэж хэлж яагаад болдоггүй юм. Дэлхийд, олимпод Монголын нэрийг дуурсгаж яваа Архангайн Хашаатын энэ муу годгор охиныг Монгол даяараа хүндэлж байхад.
Ам нээсэн дээрээ уушги нээ гэдэг. Япон улс хэзээнээсээ эмэгтэйчүүдийг дорд үздэгээрээ алдартай байлаа. Түрүү үеийн кинон дээрээс нь харагддаг. Үүнд яаж цэг тавив гэхээр эмэгтэйчүүдээ хамгаалсан хууль гаргасан байгаа юм. Тэр хууль их нарийн. Гудамж талбай, олон нийтийн газар эмэгтэй хүний биед хүрэх, удаан харахыг хүртэл хориглосон заалттай. Жишээ нь манай Цогоо, Тулгаа нар шиг нүд ам нь солонгороод явдаг нөхдүүд тэр улсад очоод автобусны буудал дээр нь аятайхан бүсгүй зогсохыг арваад минут цоо ширтвэл тэгээд л шоронд явах нь байна шүү дээ. Тэвчихгүй хөхөнд нь хүрэхийн бол бүр дуусаа. Хэл амаар доромжлохын бол цаазлуулах шахуу юм болно. Ийм хатуу чанд хуулийг гаргаж байж бүсгүйчүүдийнхээ нийгмийн байр суурийг тэнгэрт гаргаж, амар амгалангийн орныг бий болгожээ, япончууд. Америк тив байна. “Америкт ардчиллыг коольт бий болгосон” гэдэг хэлц үг бий. Энэ бол гар буу л даа. Америкт эмэгтэй хүний хормойг сөхсөн бол тэр эмэгтэй зөрүүлээд нам буудна. Дараа нь яах ч үгүй. Яагаад гэвэл зөвхөн эмэгтэй хүн буу эзэмших эрхтэй. Манай Цогоо, Тулгаа эд нар тэр улсад нэг их явахыг дурлах хэрэггүй. Биед нь эр хүн халдвал шууд буудах эрхийг нь хуулиар олгочихсон. Ийм болохоор эмэгтэй хүн шиг дархан эрхтэй хүмүүс эдгээр улс оронд байхгүй. Эрчүүдийн гүн хүндлэл дунд эмэгтэйчүүд нь ажиллаж амьдардаг болохоор эдгээр улсад хүн хамгийн сайхан таатай амьдарч байгаа юм.
Ингэхээр Монгол Улс иргэдийг иргэдээс нь хамгаалсан, эрчүүдээр эмэгтэйчүүдийг хүндлүүлсэн их хуулийг баталж, даруй даган мөрдье. Ингэхгүй бол энэ муусайн эрчүүд дээрэлхээд дуусах нь. Миний эхнэр шиг, миний охин шиг, мөн таны эхнэр шиг, таны охин шиг турь муутай юмнуудын хормой хотыг сөхөж, айлгаж ичээж, ам хэлээр доромжлохыг би лав тэвчихгүй. Та ч бас тэвчихгүй байх. Эмэгтэйчүүдийг дорд үзсэн энэ байдлыг дарж авахгүй бол эрчүүдийн давралт, ямаан омогт эцэс төгсгөл байдаггүй, та ч мэднэ, би ч мэднэ, олон даяараа мэднэ. Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийн хамалт эхнийх нь байж мэднэ шүү. Эр хүн байтлаа эмэгтэй хүний гарын үзүүрт сарвалзаад “Амь авраарай” гэж орилохыг олон сонсмооргүй байна ш дээ.
П.ХАШЧУЛУУ