Өвөрхангай аймгийн шүүх Н.Төмөрхүү бид хоёрыг сонгуулийн ажилдаа насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан байна гэсэн захирамжийг есдүгээр сарын 27-нд гаргасан байдаг”.
Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн хоёрын нэг С.Чинзориг хэвлэлд ийн ярьжээ. Монголчууд “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио” гэлцдэг. Түүний хувьд нэг тойрогт намаасаа хамт нэр дэвшсэн нөхрөө эцсийн цэгт жийхээр шийдэж, зөвхөн өөрийнхөө арьсыг хамгаалах арга ядсан оролдлого хийж байгаа нь энэ хэдэн үгнээс нь илт.
“Би бол сонгогчдод эд бараа тараагаагүй, золигийн Төмөрхүү л…”. С.Чинзориг ичих ч үгүй ингэж хэлж чаджээ. Н.Төмөрхүү рүү хамаг бурууг чихэж байгаад яаж ийгээд өөрөө их хурлын гишүүн болчих юмсан гэсэн хүсэл нь намын журмын нөхрөө гэх сэтгэлээс аргагүй л давж гарсан бололтой. Тиймдээ ч Өвөрхангай аймгийн сонгогчдод архи, ундаа, чихэр сэлтийг тарааж, өвөрхангайчуудын сонголтыг өчүүхэн зүйлээр арилжих гэж санаархсан үйлдлийн бүх бурууг, бүх хариуцлагыг ганц Н.Төмөрхүүд үүрүүлэхээр шийджээ. Их хуралд орно гэдэг ийм хүчтэй эд аж.
Мөрөөрөө бизнесээ хийгээд явж байсан залууг улстөрд оруулж ирээд сонгуульд нэрийг нь дэвшүүлж олсон мөнгийг нь цацуулчихаад одоо болохоор жийнэ гэдэг ч олиггүй л зан юм даа. Энэ бүхэн МАН-ын бодлого тактик уу, мөнгийг нь баруун солгойгүй хамт цацчихаад эцэст нь бурууг чихэж байгаа С.Чинзоригийн явуулга уу.
Улстөрд мөнхийн найз үгүй, мөнхийн эрх ашиг гэж байдаг хэмээх нь зүгээр ч нэг хэлсэн үг биш. С.Чинзоригийн арьсаа хамгаалах үйлдэл энэ үгийн мөн чанарыг харин ч нэг жинхэнэ утгаар нь харууллаа. Гэхдээ тэр эндүүрчээ. Гараанаас гарахдаа тэд хамтдаа явсан, сонгуульд шударгаар өрсөлдөж чадаагүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн олон заалтыг хөсөрдүүлснийх нь нэг нь сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан зөрчил. Хүүхдүүдийг ашиглахдаа тэд хуулийг уландаа гишгэсэн.
С.Чинзориг ярилцлагадаа ч энэ тухай хэлснийг дээр дурдсан. МАН-ын нэр дэвшигчид сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байгаа нь нотлогдсон тул хуулийн энэ зөрчлөө зогсоо гэсэн шаардлага бүхий 78 тоот албан бичгийг сонгуулийн аравдугаар тойргийн хорооноос аймгийн МАН-ын хороонд 2012 оны зургадугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн байдаг. Хууль зөрчсөн энэ үйлдэл нь нэр татах үндэслэл. Гэвч аймгийн тойргийн хороо илтэд МАН-ын талд үйлчилж, албан бичгээр аргацааж өнгөрөөсөн нь Өвөрхангай аймгийн сонгогчдын сонголт луйвардуулахад хүргэсэн билээ. Харин тойргийн хороо өөрсдөө хууль зөрчсөн энэ үйлдлээ бүр сүүлд, есдүгээр сарын эхээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Өвөрхангай аймгийн шүүх есдүгээр сарын 27-ны өдөр “Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж хууль зөрчсөн байна” гэдэг захирамж шийдвэрийг гаргажээ.
Яаж ч булзаж мэлзээд С.Чинзориг энэ мэтээр хуулийг уландаа гишгэсэн үйлдлийнхээ хариуцлагаас мултарч чадахгүй. Шат шатны шүүх хянаж нягтлаад шийдвэрээ гаргачихсан асуудал дээр хуулийн хэрэгжилт гэдэг зарчим л үйлчлэх ёстой. Гэтэл “би биш ээ, тэр” гэж Н.Төмөрхүүгээ түлхчихээд өөрөө цэвэрхэн үлдэнэ гэж С.Чинзориг бодож чаджээ.
Д.Анар