Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг ял сонсохтой зэрэгцэн хуульч С.Нарангэрэл “Зохиомол хэрэг буюу Н.Энхбаярын өмгөөлөгчийн тэмдэглэл” хэмээх номоо 14-хөн хоногийн дотор бичиж хэвлүүлсэн. Хуульч номынхоо нээлтэнд хэлсэн үгэндээ “1937 оны улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үе эргээд нүүрлэжээ” гэх үгийг олон давтамжтайгаар хэлж байлаа.
Экс Ерөнхийлөгч хэлмэгдсэн үгүйг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан улс төрийн том зүтгэлтэн гэдэг утгаараа түүний өмгөөлөл хамгаалач жинхэнэ хүч чадлаа харуулж байгаа. Хэрвээ Н.Энхбаярыг хэлмэгдүүлж чадаж байгаа юм бол хар бор мань мэтийг ялтан болгох нь алга урвуулахтай адилхан биз. Ямар ч байсан экс Ерөнхийлөгчийг шүүх үйл ажиллагаанаас эхлэн Монголын шүүх хэлмэгдүүлэлтийн шатандаа шилжсэн гэдгийг гаргаж ирсэн.
Харин шүүх байгууллагын хэлмэгдүүлэлт аль эрт бий болчихсон байсныг иргэд хэлдэг ч иргэдийн дуу хоолой нийгэмд хүрдэггүй байсан юм. Өнөөдөр чанга дэглэмтэй хорих ангиудад хилс хэргээр ял сонссон гэх гомдолтой олон залуусын ар гэрийнхний цөхрөл тасраагүй байна. Хэрэг хийгээд шоронд нь орчихсон бол хамаагүй ээ. Хийгээгүй хэрэг үүрч суугаа нь л намайг шөнө унтуулахгүй сэтгэлийн шаналал дунд хатааж байна хэмээн нулимс дуслуулан ярих олон ч ээжтэй таарах юм.
Тэд цагдаа, прокурор, шүүгчдийн аймшигтай үйлдлийг гэрчлэх баримт бичгээ хуудас хуудсаар цуглуулсаар өөрт байгаа ганц эд хөрөнгө мэт түүнийгээ нандигнаж явдаг. Газар дээрх ганц хүүгээ хилс хэргээр шоронд орох тэр мөчөөс эхлэн хүү нь буруугүй гэдгийг тогтоолгохын төлөө амьдралаа зориулж яваа нэгэн эмэгтэйн зовлонг энд өгүүлье.
Хэрэг хуучирдаггүй. Хуучрах ч учиргүй. Учир нь 2007 онд шийдвэрлэгдсэн хэрэгт хэлмэгдсэн иргэн 13 жилийн ял авч одоо чилийсэн найман жил үлдээд байна. түүний зэрэгцээ хүний эрх зөрчигдсөн тохиолдаууд хэнд ч мэдэгдэлгүй сураг тасраад байвал дараа үе нь ч мөн тийм л байх болно. Иргэн А.Мягмаржаргал хулгайн үйлдэлтэй эзэн нь тогтоогдоогүй таван хэрэгт холбогдон 8,1 жилийн хорих ял сонсчээ.
Үүний зэрэгцээ цагдаа түүнийг өрөөсөн төмсгийн нь бяцартал өшиглөсөн байна. 2007 оны наймдугаар сард Т.Чимэдцэеэгийн хүү А.Мягмаржаргал найз Ц.Баярын хамт PC тоглоомын газар тоглож байгаад Ц.Баярын гэрт орж ус уусан байна. Мөнгө нь дууссан тэд ийн ирэхдээ Ц.Баярын гэрийн шүүгээн дээр байсан мөнгөн бугуйвч, хос мөнгөн ээмэг, өрөөсөн монетон ээмгийг авч гаран тоглоомонд зориулжээ.
Хэд хоногийн дараа Ц.Баяр “манай гэрийнхэн алга болсон зүйлсийг мэдчихлээ” хэмээн А.Мягмаржаргал дээр иржээ. Харин А.Мягмаржаргал хариуд нь “Намайг авсан гэж хэлэх юм бол ална шүү” хэмээн сүрдүүлээд түүнийг буцаасан байна. Эд зүйлсээ алдсан эзэмшигч болох Ц.Баярын эх Д.Бадамханд уг орой нь Эргүүл хамгаалалтын газрын цагдаа ахлах ахлагч А.Алтангэрэлийн хамт тэднийд ирэн түүнийг авч яван байрнуудын буланд аваачиж байгаад нэгжин бичиг баримтыг нь хураан авсныхаа дараа нүүр рүү нь цохиж, төмсөг рүү нь өшиглөжээ.
А.Мягмаржаргал эвхэрч унангуут тэд түүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргэж хэд хоногийн дараа Ганц худаг руу ачсан байна. А.Мягмаржаргалын ээж Т.Чимэдцэеэ энэ бүх үйл явддыг хоёр хонгогийн дараа олж мэдсэн аж. Т.Чимэдцэеэ хүүтэйгээ уулзахыг хүссэн боловч түүнийг уулзуулахаас татгалзаж байсан учраасА.Мягмаржаргал ар гэрийнхэндээ захиа бичсэн байна.
Уг захианд “Цагдаа төмсөг рүу өшиглөснөөс хавдаж маш ихээр өвдөж байгааг дурдсаны зэрэгцээ энэ талаар цагдаад хэлэхэд “Битгий баашлаад бай” хэмээн загнадаг талаар дурдсан байна. А.Мягмаржаргал УЕПГ-ын Мөрдөн байцаах албанд өргөдөл бичсэнээр асуудал бүр эсрэгээрээ эргэсэн байна. Байцаагч түүнийг дахин байцаахдаа мэдүүлэг дээрээ гарын үсгээ олон янзаар зураад байна хэмээн гурван өөр бичгийн цаасан дээр гарын үсгийг нь зуруулаад явжээ.
Харин хавтаст хэрэгт А.Мягмаржаргал цагдаад бус өөр хөндлөнгийн хүмүүст зодуулан төмсгөндөө бэртэл авсан хэмээн хавтаст хэрэгт оруулсан байна. Байцаагч нь Т.Чимэдцэеэд өөрийн танил өмгөөлөгчийг санал болгосон бөгөөд уг өмгөөлөгч нь өмгөөлөх биш хэрэгт унагах оролцоотой байсан гэнэ.
Хэргийн анхан шатны шүүх хурал 2007 оны 11 дүгээр сарын зургаанд болж хохирогч Ц.Баярын мэдүүлгээр ус уух нэрээр гэрт нь орж мэс тулган дээрэмдсэн нь тогтоогдсон хэмээн А.Мягмаржаргадп чанга дэглэмтэй хорих ангид 8 жилийн хорих ял оноосон байна. Гэвч түүнд оноосон ял, хилс хэрэг үүгээр дуусгавар болоогүй. Шүүх хурлын үеэр прокуророос “А.Мягмаржаргал нь бэлгийн замын өвчтэй болох нь тогтоогдсон” хэмээн өвчний түүх уншиж байсан байна.
Гэтэл шүүх хурал болохоос нэг сарын өмнө УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, шинжээч эмч, Халдвартын тасгийн их эмчийн бүрэлдэхүүнтэй баг ШШГЕГ- ын харьяа 0461 дүгээр ангид очиж А.Мягмаржаргалын биед шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр үр тогтоох боломжгүйг тогтоосноос биш бэлгийн замын өвчтэй гэсэн хариу гараагүй.
Шүүх хурлын үеэр өмгөөлөгч нь яллагдагчийг хамгаалах ямар ч үг өгүүлбэр хэлээгүй А.Мягмаржаргалыг давж заалдана гэхэд “Хэрэггүй дээ. Хэргээ улам хүндрүүлэхийн нэмэр” гэж хэлж байсан байна. Шүүх хурал болсноос хэд хоногийн дараа гэнэтхэн А.Мягмаржаргалын хулгайн хэрэг зургаан удаагийн дээрмийн хэрэг болон хувирчээ.
Энэ хэрэг нь “насанд хүрээгүй хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо ажиглалт хийж байгаад мэс тулган хүч хэрэглэж шунахайн зорилгоор нийтдээ хоёр сая 379 мянган төгрөгийн эд зүйл дээрэмдсэн хэрэгт холбосон байна. Харин энэ үеэр цагдаад өшиглүүлсэн А.Мягмаржаргалын төмсөг үрэвсэн хагалгаанд орохоос өөр аргагүй болсон байна.
Үүний дагуу 2008 оны гуравдугаар сард Зайсангийн хорих эмнэлэгт хагалгаанд орсон байна. Хүүгийн эх Т.Чимэдцэеэ шат шатны шүүх хурлаас шударга үнэнийг сонсоогүй ч горьдлого тасраагүй тэрбээр Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хандаад байна. Түүний хүү А.Мягмаржаргалд тохсон зохиомол хэргүүдийн улмаас 8,1 жилийн ял оноосон байсан ч шоронд байх хугацаанд хүн амины зүйлчлэлтэй бас нэгэн хэрэгт холбогдуулснаар эцсийн байдлаар 13 жилийн ял эдлэхээр болоод байгаа юм.
Ц.Баяр гэгч өөрөөс нь хэд дүү хүүгийн хамтаар түүний гэрээс авч зарсан үнэт эдлэл эцэстээ хулгайн таван хэрэг, хүн амины нэг хэрэгт давхар холбогдож эцэстээ 13 жилийн хорих ял болчихоод байгаа гэнэ. Үүний эхлэл нь Ц.Баярын ээж болох Д.Бадамханд ахлах ахлагч А.Алтангэрэл нарын зүй бус үйлдэлтэй холбоотой гэдэг нь мөрдөн байцаалт, хэрэг шийдвэрлэлтийн хариунаас харагдаж байгаа юм.
Ц.Баярын ээжийн гурван үнэт эдлэлийг түүнтэй хамтран хулгайлсан нь эцэстээ ганц А.Мягмаржаргалын буруу болж, цагдаагийн ахлах дэслэгч төмсөг рүү нь өшиглөчихсөн байна. Ингэснээр А.Мягмаржаргал насан туршдаа үр удмаа үлдээх боломжгүй болсон нь ахлах дэслэгчийг буруутгах шалтгаан болсон учраас А.Мягмаржаргалыг онц хүнд гэмт хэрэгтэн болгох шаардлагатай болжээ.
А.Мягмаржаргалын ээж бэл бэнчин муутай хүн тул өмгөөлөгч авч чадахгүй явах үед мөрдөн байцаагч нар хуйвалдаан өөрийн талын өмгөөлөгчөө 100 мянган төгрөгийн хөлстэйгээр түүний ээжид ажиллуулсан ажээ. Өмгөөлөгчийн үүрэг бол хэрэгтэн гэгдэх А.Мягмаржаргалыг өмгөөлсөн дүртэй шүүх хурал дээр байлцаж байгаад жинхэнэ утгаар нь хэрэгтэн болоход туслах байжээ.
Ингэснээр өмгөөлөгч жинхэнэ хохирогч болох А.Мягмаржаргалын ээжийг төөрөлдүүлэх ажиллагаагаа явуулж анхан шатны шүүх хурлаас бусад шүүх хурал хойшилсон эсвэл болоод өнгөрчихсөн гэх хариултуудыг өгч байсаар шүүх хурлуудыг дуусгасан байна. Цагдаагийн албан хаагчийн гэмт хэрэг ард нь нуугдаж байсан ут хэргийг анх Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаагч Д.Бат-Очир ажиллаж байсан бөгөөд хэргийг өмгөөлүүлэхээр өгсөн өөрийн талын өмгөөлөгч нь Ч.Наранцэцэг гэж өмгөөлөгч байсан байна.
Т.Чимэдцэеэгийн хүүг үр удмаа үлдээх боломжгүй болгохын зэрэгцээ нарсанд 13 жил хоригдох үндэс суурийг тавьсан Эргүүл хамгаалалтын газрын цагдаа ахлах ахлагч А.Алтангэрэл газрын гаваар орсон мэт алга болсон бөгөөд түүний хаягийг одоог хүртэл цагдаагийн байгууллага тогтоож өгөөгүй байна. Энэ хэрэгт холбогдсон шат шатны ажилтнууд ул мөрөө маш сайн балласан ч Т.Чимэдцэеэд хангалттай их баримт бий.
Энэ хэргийг хуулийн байгууллага хэрхэн засч, баримт сэлтийг өөрчилсөн гээд хуулийн дор мөхөс нэгнийг хэрхэн мадалсан талаар нэг бүрчлэн бичихэд бүхэл бүтэн ном бичих хэмжээнд очихоор байна. Ямар ч байсан хэлмэгдсэн гэх хүүгийн эх Улсын Ерөнхий прокурорт хандаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Ямар нэгэн нааштай хариу ирнэ хэмээн тэрбээр хүлээн суугаа.
Түүнтэй уулзаж ярилцах үеэрээ яаж амьдарч байгааг нь сонирхвол хүүгийхээ хэргийг үнэнээр шийдвэрлүүлэхийн тулд ажлаасаа гараад удсан. Тогтсон ажилгүй гэдгээ хэлж байв. Шүүх цагдаагаас байнга дууддаг байдал удаан үргэлжилсэн тул хэзээ ч хамаагүй цаг гаргах ажил түүнд мэдээж олдоогүй аж. Амь зууж, шүүх прокурорынхонд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд ганц өмч болох таван ханатай гэрээ зарсан байна.
Одоо тэрбээр айлаас айл дамжин амьдарч байна. Бид өмнөх дугаартаа шүүхийн байгууллагын хохирогч орон гэргүй нэгэн эмэгтэйн талаар нийтэлж байсан билээ. Гэтэл дээрх эмэгтэйтэй адил ийм замаар замнаж яваа олон эмэгтэй байдаг байна. Т.Чимэдцэеэ орон гэргүйдээ санаа зовохгүй. Харин хүүгийнхээ төлөө шүүхийн байгууллагын хаалгыг сахин хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхийг хүлээж сууна. Хэрэг хуучирдаггүй гэдэг. Тийм болохоор энэхүү хэргийн жинхэнэ эзэд хийсэн хэргийнхээ ялыг үүрч, А.Мягмаржаргалын хэрэг цагаатаа гэдэгт итгэнэ.