logo
Гэрч, хохирогчийг хамгаалахын тулд мэс засалд оруулна гэв үү

Гэрч, хохирогчийг хамгаалахын тулд мэс засалд оруулна гэв үү

2012/12/10
Хууль зүйн бодлогын шинэчлэлийн хүрээнд 10 хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа юм. Хууль зүйн яамныхан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг цогцоор нь өөрчлөхөөр хэд хэдэн хуулийн төсөл шинээр боловсруулж буй. Үүний нэг нь Гэрч, хохирогчийг хамгаалах хууль юм.
    Өмнө нь манайд ийм төрлийн зохицуулалт байгаагүйгээс гэрч, хохирогч нар сэтгэл санаа болон бие махбодийн дарамтад ихээр өртөж байв. Үүнээс болж гэрч, хохирогчид мэдүүлгээ өөрчилж, өмнө ярьснаа үгүйсгэж, гомдолгүй хэмээн хэргийн явцыг удаашруулж илрүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг.
    Тэгвэл энэ хууль батлагдсанаар хэргийн илрүүлэлт харьцангуй сайжирна гэж Хууль зүйн яамны мэргэжилтнүүд онцолж байна. Уг хууль батлагдвал гэрч, хохирогчдын сэтгэл зүйн болон аюулгүй байдал бүрэн хангагдах аж. Тодруулбал, гэрч, хохирогчийн хувийн мэдээлэл буюу овог нэр, албан тушаал, үл хөдлөх хөрөнгө зэргийг нууцална.
Шаардлагатай бол хамгаалуулагчийн утас, тээврийн хэрэгслийн дугаарыг өөрчилж, зохиомол нэр ашиглах тухай тус хуулийн 11.1-д заажээ. Хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг үндэстэн дамнасан хэргийн гэрч, хохирогчийг аюулгүй газар шилжүүлэх, бүхий л бичиг баримтыг нь шинээр бүрдүүлэх, аюул тулгарсан нөхцөлд Монгол Улсын нутаг дэвсгэрээс түр болон бүрмөсөн нүүлгэн шилжүүлэх юм.
    Эдгээрээс хамгаалуулагчийн гадаад төрхийг өөрчлөх заалт хамгийн их анхаарал татаж байна. Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ хангалтгүй байвал гэрч, хохирогчдыг өөрсдийн нь зөвшөөрлөөр мэс заслын аргаар гадаад төрхийг нь өөрчилж болно гэж тус хуулийн 16.1-д заажээ. Ерөнхийдөө цоо шинэ хүн бий болгох ажээ.
    Харин насанд хүрээгүй хамгаалуулагчийг мэс засалд оруулахгүй агаад үсний засалт, нүдний өнгө зэрэг гадаад үзэмжийг нь өөрчлөх юм байна. Харин үүнд шаардагдах зардлыг улсаас гаргах ажээ. Гэрч, хохирогчийн сэтгэлзүйн аюулгүй байдлыг хамгаалдаг байхыг хохирогчийн ар гэрийнхэн байнга сануулдаг. Тиймээс иргэдийн санал гомдлыг харгалзан үзэж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлдэг байхыг дээрх хуулийн төсөлд тусгажээ.
    Энэ хууль хүчин төгөлдөр болбол гэрч, хохирогч шүүх хуралд сэтгэл зүйчтэй хамт ордог болох нь. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад үүсэх таагүй нөхцөл байдлыг даван туулахад мөн л сэтгэл зүйч туслах юм. Төр иргэнээ хамгаалах нь зүйн хэрэг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын төвшин доогуур иргэддээ хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх заалт бас нэмжээ.
    Аюулгүй байдлыг хангах арга хэмжээ хангалтгүй байвал гэрч, хохирогчдыг өөрсдийн нь зөвшөөрлөөр мэс заслын аргаар гадаад төрхийг нь өөрчилж болно гэж тус хуулийн 16.1-д заажээ. Ерөнхийдөө цоо шинэ хүн бий болгох ажээ. Харин насанд хүрээгүй хамгаалуулагчийг мэс засалд оруулахгүй агаад үсний засалт, нүдний өнгө зэрэг гадаад үзэмжийг нь өөрчлөх юм байна. Харин үүнд шаардагдах зардлыг улсаас гаргах ажээ.
    Гэрч, хохирогчийг хамгаалах хууль нь хүний эрхэд суурилсан, олон улсын жишигт дөхөхийг эрмэлзсэн хэмээн төсөл боловсруулагчид онцолж буй. Мэдээж шинэ хуулийг хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагын ажилчдын уялдаа холбоо, хичээл зүтгэл хамгаас чухал.
    Энэ хуулийн хэрэгжилтийг хангахад Цагдаагийн газар, Мөрдөх алба, Маршалын алба хамтран зүтгэх юм. Өмнө нь манай улсад ийм хууль хэрэгжүүлсэн туршлага байхгүй болохоор хамгаалалтын зарим арга амьдралаас хол санагдаж байгааг МУИС-ийн хууль зүйн ангийн оюутнууд хэлж байсан. Тухайлбал, гэрч, хохирогчийн гадаад байдлыг мэс заслын аргаар өөрчлөх нь өнөөдрийн нөхцөлд алга урвуулахын адил хийдэг амар ажил биш.
    Гэрч, хохирогчийн бичиг баримт, царайг нь өөрчлөх нь эргээд эрсдэлд оруулах аюултай тул энэ заалтыг цогцоор нь сайн бодож байж оруулах хэрэгтэй гэх мэтээр санал бодлоо нэмэрлэв. Юутай ч гэрч хохирогчийг хамгаална гэдэг манайд нэн шаардлагатай, тулгамдаж буй асуудал. Тиймээс хууль цаасан дээр биш амьдралд бүрэн утгаараа хэрэгжээсэй.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш