Батлан хамгаалахын сайд Сатоси Моримото болон Гадаад хэргийн сайд Коитиро Гэмба нар ч тийм дэглэмд шилжжээ. Радарын хяналтын болон агаарын түгшүүрийн тухай мэдээлэх системийг бүрэн бэлэн байдалд шилжүүлсэн байна.
Японы өмнөд нутгийн Окинава арал дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазаас агаарт, тухайлбал, Америкийн тагнуулын Ар-си-135-Эс /RC-135S/ гэдэг хоёр нисэх онгоцыг хөөргөсөн байгаа нь Умард Солонгосоос пуужин харвасан эсэхийг ажиглах учиртай юм. Мөн сансраас БНАСАУ-ыг тасралтгүй ажиглаж байгаа ажээ.
Урьд нь Пхеньяны зарласнаар, Умард Солонгос 12 дугаар сарын 10-22-ны хооронд 7-12 цагийн үед хиймэл дагуул тээсэн пуужингаа харваж болзошгүй. БНАСАУ-д гарсан мэдээллээс үзвэл, пуужин тус улсын баруун хойд эрэг дэх полигоноос өмнө зүгт тодруулбал, Дорнод Хятадын тэнгис дэх Японы Исигаки болон Мияко арлуудын дундуур нисч өнгөрөх аж. Уг пуужин эсвэл пуужингийн сэг унавал устгахаар Японы зэвсэгт хүчин тэнд зенитийн пуужингийн сүүлийн ПАК-3 загварын “Пэтриот” цогцолборыг шилжүүлэн байрлуулж, байг ажиглах хийгээд онилох “Ижис” гэдэг олон зорилгот систем, алсын тусгалтай зенитийн пуужингууд бүхий эскадрын мина тээгч гурван хөлөг онгоц байлдааны байрлал руугаа хөдөлсөн байна. Тэдгээр нь Японы нутаг дэвсгэрт аюул учруулахаар бол Умард Солонгосын пуужинг устгах ёстой юм.
Гэхдээ 12 дугаар сарын 9-нд БНАСАУ тодорхойгүй шалтгаанаар пуужин хөөргөх хугацаагаа хойшлуулах асуудлыг судалж буйгаа мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Сөүлийн нотолсноор, умард Сохэ полигонд хөл хөдөлгөөнгүй болж, ажилтнууд нь ч тэндээс явсан байна. Гарааны талбайд суурилуулсан байсан, гурван угсраа зөөгч пуужинд техникийн асуудалд үүссэн байх гэж шинжээчид таамаглаж байгаа аж. Умард Солонгост цас орж, хүйтэрсэнтэй ч холбоотой байж болохыг үгүйсгэхгүй байна.
Гэсэн ч пуужин харвахаас БНАСАУ татгалзсан тухай мэдээлэл ирээгүй учир улс орондоо тогтоосон онцгой дэглэмийг цуцлахгүй гэж Японы Ерөнхий сайд Нода өнөөдөр мэдэгджээ. Сансрыг энхийн зорилгоор эзэмших нэрийдлээр Пхеньян тив хоорондын байлдааны баллистик пуужинг ээлжит удаа туршихаар төлөвлөж байгаа гэж Токио үзэж байгаа юм. Уг пуужин нь 10 мянган км доторх байд, тухайлбал, АНУ-ын баруун эрэгт хүрэх чадалтай болох юм гэж шинжээчид үзэж байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд БНАСАУ-ыг баллистик пуужинтай холбоотой ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.
Урьд нь пуужин харваж, тэрчлэн нутаг дэвсгэртээ цөмийн туршилт хийсний учир Пхеньянд олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ авсан байгаа билээ. БНАСАУ-ын энэ удаад пуужин харвабал АНУ, Өмнөд Солонгос болон Япон улс хориг арга хэмжээг чангатгах бодолтой байна. Орос болон Хятад ч мөн адил Пхеньянд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл хийхээс татгалзахыг албан ёсоор уриалсан билээ.
З.Амгалан