Гадаад орнуудад хүний амь насны эдийн засгийн үнэ цэнийг 50 мянгаас 7 сая доллараар тооцдог Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Хүний эрх, монгол хүний үнэ цэнэ” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр болов.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа нээж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Монгол Улс хүний эрхтэй холбоотой 40 гаруй гэрээ, конвенцид нэгдэж, бас тодорхой хуулиудад энэ асуудлыг тусгасан байгаа. Гэтэл яагаад хэрэгжихгүй байна. Хүний эрхийн зөрчил бүхэн хариуцлага шаардаж байна. Тиймээс хүний эрхэд суурилсан хөгжлийн асуудлыг ярих цаг болжээ. Өдгөө улс орны хөгжлийг хүний эрхийг хэрхэн хангаж байгаагаар нь үнэлж, хэмждэг болсон байна. Үүнд төр хариуцлага хүлээх ёстой. Энэ үүрэг хариуцлагыг хүлээлгэхэд иргэдийн оролцоо чухал байна” гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангах хууль, эрх зүйг бүрдүүлэх нь”, хүний эрхийн хуульч М.Ичинноров “Монгол хүний амь нас, үнэ цэнийг өсгөх эрхзүйн орчин бий болгох нь”, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү “Эрүүл аюулгүй Улаанбаатар”, Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан “Хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал” гэсэн илтгэл тус тус тавив. Илтгэгч Ж.Батзандан “Хүүхэд бол хүн, хүүхдийн эрх бол хүний эрх” гэдгийг онцлон дурдаад сүүлийн үед гарсан хүүхдийн эрхийг зөрчсөн хэргүүдийг жишээ татаж ярилаа. Тэрээр “Дани, Швед зэрэг оронд хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төв хороо болгонд байдаг. Гэр бүл бол хайр халамжийн орчин болохоос хүчирхийллийн газар биш. Иймээс хууль, тогтоомжоо эргэн харцгаая” хэмээн цохон тэмдэглэв. Мөн бүсгүйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлэх явдал газар авч, бие эрхтэнг борлуулах, ургаас эм бэлдэх тохиолдлууд ч гарч байна. Биеэ үнэлэх, хүчээр биеийг нь үнэлүүлэх хоёрыг ялгаж салгаж ойлгох ёстой. Хүний наймаа бол онц ноцтой гэмт хэрэг. Хүчингийн хэрэг захын хороололд ихээр гарч байна. Хүний эрх бол амьдралд ус агаар мэт хэрэгтэй нандин зүйл. Монгол хүний амь нас үнэ цэнэтэй байх ёстой. Монголын төр үүнийг үнэлэх учиртай хэмээн тэр хэлэв. Илтгэгч М.Ичинноров “Эрүүгийн хариуцлагаас иргэний хариуцлагад, шоронгоос мөнгөн торгуульд шилжих”-ийг уриалаад хэрвээ амь насыг нь бүрэлгэсний төлөө сая саяар, тэрбумаар доллар төлдөг болчихбол хүний эрх, аюулгүй байдалд их анхаардаг болно гэлээ. Бас амь насаа даатгуулдаг болъё. Хүний алтан амийг мөнгөөр үнэлэх боломжгүй ч мөнгөн дүнгээр үнэлдэг систем байдаг. Хүний амь насны эдийн засгийн үнийг тооцохдоо дундаж наслалтаас насыг нь хасч дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд оногдох тоогоор үржүүлж гаргадаг жишиг бий. Үүгээр бодоход монгол хүний эдийн засгийн үнэ цэнэ 150-300 сая орчим төгрөг болохоор байна. Гадаадын зарим оронд 50, 125 мянган доллараас эхлээд 7 сая доллараар тооцож байна хэмээн ярилаа.
Илтгэгч Ц.Баатархүү хэлэхдээ “Улаанбаатараа эрүүл аюулгүй хот болгохын төлөө ажиллаж байна. Ингэхийн тулд эрүүл аюулгүй байдлын индекс бий болгож байгаа. Тэр индекст хүрээгүй бол хорооны Засаг дарга хариуцлага хүлээдэг болно. Эрүүл мэндийн ажилтнуудтай бас хариуцлага тооцдог болно. Өвчтөн эдгэрдэггүй, олон эмч дамжин цөхрөнгөө бардгийг өөрчлөнө. Дүүрэг бүрт гүүрэн гарц байгуулна. Хөршийн хамгаалалтын тогтолцоо бий болгоно” хэмээв. Илтгэгч Ч.Жаргалсайхан “Замын ослоор жилд 500 гаруй, өдөрт 1-2 хүн нас барж байна. Нэг үгээр чимээгүй дайн болж байгаа мэт байна. Энэ онд гэхэд 42 хүүхэд автын ослоор амиа алдлаа. Өнөөдөр бараг дөрвөн хүний нэг нь осол, зөрчил гаргаж байна. Согтуугаар энэ онд 26007 хүн машин барьж явсныг илрүүллээ. Эрхзүйн баримт бичгүүдээ шинэчилмээр байна. Бид бүр 1996 оны баримт бичгээр хариуцлага тооцож, таван мянгаар торгож байна шүү дээ. Олон байгууллага, иргэд хамтран зүтгэвэл үр дүн гарна. Швейдэд авто ослоор нэг ч хүний амь алдахгүйн төлөө зорилт тавьж ажилладаг юм билээ” гэлээ.
Оролцогчид “Иргэний танхим”-д пиг дүүрэн байлаа. Тэд саналаа хэлж, бас илтгэгчдээс асуулт асууж байв. Тэд дээрх хүмүүсийн ярьснаас гадна архи, гэр бүлийн гишүүдийн зохисгүй харьцаа, уул уурхайн замбараагүй байдал зэрэг нь хүний эрхийг зөрчих, гэмт хэрэг гарах нэг нөхцөл болоод байгааг хэлж байлаа. Мөн төр хариуцлагатай байж, хууль дүрмээ дээдэлж ажиллавал монгол хүний үнэ цэнэ дээшилнэ, хүний эрхийн зөрчил эрс багасна гэдгийг онцлон дурдаж байв.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хэлэлцүүлгийг хааж хэлэхдээ “Хүчирхийллийн эсрэг эрчүүд нэгдээсэй гэж хүсч байна. Ингэвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан манлайлан ажиллана гэсэн саналыг дэмжиж байна. Хүний эрх бол аль нам олонх гэдгээс үл хамааран ярих ёстой асуудал. Засгийн газрын хүлээх хариуцлагын тогтолцоог ч бий болгох ёстой. Өнөөдрийн ярьсан зарим асуудлаар хуулийн төсөл боловсруулцгая. Та нар саналаа бичээд өг. Сайн дурын алба бий болгох бодолтой байгаа. Оюутнууд нийгмийн сайн сайхны төлөө ажилд оролцож кредит тооцуулах боломж бий. Та бүхэнд эрх ч бий, хүч ч бий шүү” гэлээ.
Эх сурвалж: President.mn