Бритни Спирс- Жейсон Александр
Бритни Спирс 2004 он хар багын найз Жейсон Александртайгаа гэнэт гэрлэчихсэн юм. Үүнээс ердөө 55 цагийн дараа Бритни “Хуримын бөгж солилцох үед юу болоод байгааг ч ойлголгүй өнгөрсөн. Энэ бол тоглоом байсан юм аа” гээд гэр бүлээ цуцлуулж орхисон нь одоогоор хамгийн богино настай гэрлэлтэд тооцогдож байна.
Дрю Бэрримор – Том Грин
Дрю Бэрриморийн амьдрал гаднах төрх шиг нь сайхан биш. Тэрээр 1994 онд нэгэн баарны эзэн Жереми Томас гэгчтэй гэрлээд сарын дараа салсан. Харин үүнээс долоо жилийн дараа шоу ертөнцийн цуутай эрүүдийн нэг Том Гринтэй ханилсан ч таван сар хамтдаа байсны эцэст бас хоёр тийшээ болсон юм. Ийнхүү Бэрримор хоёр удаагийн богино хугацааны гэрлэлтээр толгой цохидог.
Шер- Грег Аллман
Дуучин бүсгүй Шерийн найз залуу Грег 1975 оны нэгэн өглөө гэрлэх хүсэлд умбан сэржээ. Ингээд сэтгэлтэй бүсгүй Шерийгээ дагуулан Лас-Вегас орж, гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэлээ ч ердөө есөн хоногийн дараа энэ гэр бүл оршин тогтнохоо больсон юм. Гэлээ Элайж Блу хэмээх хүүгээ ээлжлэн асарч, эвтэй өсгөхөд энэ салалт тээр болоогүй билээ.
Майк Тайсон – Робин Гивенс
“Төмөр” хочит Майк Тайсон 1987 оны гуравдугаар сард жүжигчин Робин Гивенстэй танилцаад дараа жилийнх нь хоёрдугаар сард гэрлэсэн юм. Гэлээ ч үүнээс яг нэг жилийн дараа Гэгээн Валентины баяраар тэд харилцаагаа бүрэн тасалжээ. Робин Гивенс жилийн турш нэрт боксчны мөнгөнөөс “саах” оролдлого хийснийхээ эцэст, гэр бүлээ цуцлуулсан юм. Тайсон энэ гэрлэлтээ “Аймшигтай явдал” гэж нэрлэсэн. Учир нь жил л хамт байсан энэ бүсгүй боксын рингэн дээр зовж байж олсон их мөнгөнийх нь хагасыг аван одсон билээ.
Рене Зеллвегер-Кенни Чесни
“Брижит Жонсын өдрийн тэмдэглэл”-ийн гол дүрийг бүтээсэн Рене Зеллвегер 2005 оны нэгдүгээр сард танилцсан дуучин Кенни Чеснитэй тэр оныхоо тавдугаар сард гэрлэсэн. Гэвч их яарч гэрлэсэн шигээ яарч салахаас аргагүйд хүрсэн түүхтэй. Тэд гэрлээд дөрвөн сарын дараа салахаас аргагүйд хүрсэн байна.
Лиза-Мария Пресли-Николас Кейж
Рок-н-роллын хаан Элвисийн охин Лиза-Мария Пресли алдартай хүмүүстэй гэрлэдэг адтай хэрнээ хурдан салдаг гэмтэй нэгэн. Тэрээр эхлээд 1994 онд Попын хаан Майк Жексонтой гэрлэж, хааны охин хаантай гэрлэсэн үлгэрийг бүтээсэн. Гэлээ ч 20 сарын дараа тэд гэрлэлтээ цуцлуулсан юм. Дараа нь 2002 онд жүжигчин Николас Кейжийн гэргий болж үзсэн ч дөрвөн сарын дараа л тэд салж орхисон.
Деннис Родман-Кармен Электра
Тун ч дэггүй сагсанбөмбөгч Родмантай жүжигчин Кармен Электра гэрлэсэн нь нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Гэвч Родман гэрлэснээсээ хойш есөн хоногийн дараа буруу алхам хийснээ ойлгож, гэр бүлээ цуцлуулах гэж гүйх болсон. Гэлээ ч оддын харилцаа зөвхөн хайр сэтгэлийн харилцаа гэхээсээ басхүү маркетингийн нүүдэл байсан тул жил орчим хамтдаа тэссэний эцэст салсан билээ.