logo
Монголын Үндэсний Олимпийн Хорооны чуулганыг хойшлуулахаар болов

Монголын Үндэсний Олимпийн Хорооны чуулганыг хойшлуулахаар болов

2012/12/11
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас (ССАЖЯ) 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдөр болох Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ) ны чуулгантай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус бага хуралд ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, тус яамны Биеийн тамир, спортын бодлогын хэргэжилтийг зохицуулах газрын дарга Д. Жаргалсайхан нар оролцов. Монголын нэрийн өмнөөс баг тамирчидаа бүрдүүлэн тивийн болон олимпийн наадамд оролцдог, улсаа төлөөлөн ОУОХороо бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг, улсын хэмжээнд биеийн тамир, спортын төв, орон нутгийн байгууллагуудтай ажиллаж төрөл бүрийн арга хэмжээ зохион явуулдаг МҮОХ-ны бодлогод Монгол улсын Засгийн газрын байр суурь тусч орсон байх учиртай ба үйл ажиллагаатай нь уялдан зохицож байх нь чухал болохыг дэд сайд. М.Түмэнжаргал онцлон хэллээ.
Удахгүй болох Улаанбаатар хотноо хуралдах МҮОХ-ны ээлжит чуулганы  тухай албан ёсны мэдээлэлийг Засгийн газар түүний дотор ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн аваагүй бөгөөд зөвхөн  хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа юм. Иймд тэр МҮОХ-нд албан тоот илгээн холбогдох мэдээлэл ирүүлэхийг хүсчээ.
ССАЖЯамд ирсэн мэдээллээр МҮОХ-ны зохион байгуулалтын асуудал нээлттэй биш, сонгууль нь хэрхэн явагдах, иргэд түүнд хэрхэн оролцох талаар ойлголт байхгүй байгаа юм.  МҮОХ-ны ажил, үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх шаардлагатай ба иргэд спорт сонирхогч, тамирчин, дасгалжуулагч нар хүссэн мэдээллийг авч байх ёстой талаар олон төрлийн спортын холбоо, байгууллагууд ССАЖЯамнд хандаж байна.
Татвар төлөгч, олон нийтийн дэмжлэгт тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагын хувьд МҮОХ-ны чуулганы талаар олон нийт хангалттай мэдээлэл авч, бэлтгэн оролцох бололцоог нээсний дараа ээлжит чуулганыг хуралдуулах нь зүйтэй гэж ССАЖЯам үзээд байна.
Мөн МҮОХ-ны ээлжит чуулганы бэлтгэл ажлын явц байдалтай танилцах, тус яамны төлөөлөгчдийг чуулганд урьж оролцуулах, цаашид хоёр байгууллагаас спортын салбарт хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ,  төр засгийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцах, санал, мэдээлэл солилцох ажлын шаардлага байгааг дэд сайд М.Түмэнжаргал онцлон ярилаа.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш