logo
Хэвлий дэх үрийнхээ хөдөлгөөнийг мэдрэх гайхалтай мөч айсуй

Хэвлий дэх үрийнхээ хөдөлгөөнийг мэдрэх гайхалтай мөч айсуй

2011/07/20
-Жирэмсний 16-20 долоо хоногтой үед-
Тус сайтаас  жирэмсний үед хөл хүндтэй эмэгтэйчүүдийн мэдвэл зохих мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байхаар болсон билээ.

Энэ удаад бид жирэмсний 16-20 долоо хоногтойд жирэмсэн эмэгтэйчүүд юун дээр анхаарах, энэ үед хэвлий дэх хүүхдийн өсөлт хөгжилт ямар байгаа талаар мэдээлж байна.

Энэ үед ирээдүйн эх таны зайлшгүй мэдэж байх зүйлс

-Таны биед илрэх хэвийн өөрчлөлтүүд нь: Хэхрэх, гэдэс дүүрэх, амьсгаадах, хацар, хамар, духаар сэвхтэх, хөхний толгойн өнгө бараан болж өөрчлөгдөнө.
-Хэвлий дэх хүүхдийн эрхтнүүд хэлбэрээ олж өсч томорч байна.
-Хүүхдийнхээ сулхан түлхэх хөдөлгөөнийг мэдэрч эхэлнэ.
-Жирэмсэн байх хугацаанд сэтгэлийн хөөрөл болон сэтгэл гутрал давхцаж байдаг. Хэрэв та хэт их сэтгэлийн хөөрөл болон гутралтай байвал эмчдээ хандаарай.

Дараах асуудлуудыг эмчтэйгээ зөвлөж ярилцаарай

-Хүүхдээ хэрхэн төрүүлэх, хөхүүлэх, хүүхдийн асаргааны талаар хаанаас мэдэж болох энэ талын сургалтанд би хэрхэн хамрагдах вэ?
-Миний амьсгал яагаад давчдаад байна вэ, үүнийг яаж зохицуулах вэ?
-Хүүхдээ хөхүүлэх нь угжаар хооллохоос яагаад давуу талтай вэ?

Таны хүүхдийн өсөлт хөгжилт



16 дахь долоо хоног. Таны хүүхэд энэ үеэс огцом хурдан өсдөг. Дараагийн хэдэн сард таны хүүхдийн жин хоёр дахин нэмэгдэх болно. Ургийн хөл гартай харьцуулахад илүү хөгждөг. Мөн ургийн толгой урдахаасаа илүү хэлбэрээ олж ургийн нүд ургийн толгойн урд илүү ойрхон болдог. Таны хүүхдийн хурууны хумс ургаж эхэлдэг. Ургийн ходоод хоол боловсруулах эрхтэнүүд шүүс ялгаруулж эхлэнэ. Таныг арван зургаан долоо хоногтой жирэмсэн байх үед таны ураг 10,1- 11,6 см урттай, 85 г жинтэй болсон байгаа.

17 дахь долоо хоног. Таны хүүхдийн яснууд зөөлөн мөгөөрс хэлбэрээс хатуу яс хэлбэртэй болж өөрчлөгдөнө. Мөн ургийн амьдралыг тэтгэгч ихэс эрчимтэй хөгжиж зузаарна. Ургийн үе мөчдийн хөдөлгөөн илүү хүчтэй болно. Мөн хөлсний булчирхай хөгжиж эхлэнэ. Одоо таны хүүхэд 11,1- 12,1 см урттай, 99 г жинтэй болсон байна.

18 дахь долоо хоног. Жирэмсний хугацаа ахих тусам таны хүүхдийн хөдөлгөөн илэрхий их болдог. Ургийн чих үндсэн байрлалаа олдог. Мэдрэлийн ширхэгийг хамгаалах миелин бүрхүүл үүсч эхэлдэг бөгөөд хүүхэд төрсний дараах нэг жил орчмын хугацаанд үргэлжилдэг. Хэрэв таны хүүхэд охин бол түүний умай болон гуурсан хоолой хэлбэрээ олдог. Энэ долоо хоногийн үед таны хүүхэд зулайнаасаа ахар сүүлээ хүртэл 12,7-14,2 см урттай 148,5 г жинтэй болсон байна.

19 дэх долоо хоног. Энэ долоо хоногт таны хүүхдийн мэдрэхүй эрчимтэй хөгждөг. Түүний тархи үнэрлэх, амтлах, сонсох, харах, хүрэлцэх мэдрэхүйг таньдаг болно. Зарим судлаач хүүхэд энэ үеэс таны дууг сонсдог болдог тул түүнтэй ярьж, юм чангаар уншиж өгч дуу сонсгож байх хэрэгтэй гэж үздэг. Түүний гар хөлийн урт хэвийн зөв харьцаандаа ордог. Даахь ургаж эхэлдэг. Ураг орчмын шингэнээс арьсыг хамгаалсан тосон бүрхүүлтэй болдог. Та хүүхдийнхээ гар болон хөлөө хөдөлгөх, түлхэх, жийх зэргийг мэдрэх болно. Жирэмсний арван ес дэх долоо хоногт таны хүүхэд 13,2-15,2 см 5.2 урттай 198 г жинтэй болсон байгаа.

20 дахь долоо хоног.
Энэ үед таны хүүхэд илүү их зүйлийг залгиж чаддаг болно. Мөн хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна. Гэдсэнд зунгаг үүсч эхэлнэ. Таны хүүхдийн арьсны дермс, эпидермис, арьсан доорх давхаргууд хөгжиж эхэлдэг. Жирэмсний энэ хугацаанд таны хүүхдэд 14,2-16,2 см урттай 254 г жинтэй болсон байдаг. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш