logo
Агаарын чанарын сорилын ажлыг төлбөртэй гүйцэтгэх шаардлагатай

Агаарын чанарын сорилын ажлыг төлбөртэй гүйцэтгэх шаардлагатай

2012/12/13
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж “Нийслэлийн агаарын чанарын сорил, шинжилгээний ажлын хөлс, хураамжинд төлбөр тогтоох тухай”, Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох хөтөлбөр батлах” тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн  Агаарын чанарын албаны мэргэжилтэн Х.Галданбек  Нийслэлийн агаарын чанарын сорил, шинжилгээний ажлын хөлс, хураамжинд яагаад төлбөр тогтоох нь чухал байгааг Тэргүүлэгчдэд танилцууллаа. Иргэд, аж ахуйн нэгжээс  тус албанд хандан агаарын бохирдлын шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг хүсдэг бөгөөд ямар нэг үнэ төлбөр авахгүйгээр хийж өгдөг байна. Харин цаашид үнэгүй хийх боломжгүй тул зохих хэмжээний төлбөрийг авах шаардлагатай гэлээ. Гэхдээ БОАЖЯ-ны сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А-342 тоотоор “Агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээ тогтоох” тушаал батлагдан гарсан байдаг байна. Мөн Нийслэлийн агаарын чанарын алба 2009 оноос Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран “Нийслэлийн агаарын чанарын албаны чадавхийг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Тус төслийн хүрээнд агаарын бохирдлыг хэмжих багажийг нийлүүлсэн байна.  Харин  үйлчилгээний зардал нь нийслэлийн төсөвт тусгагдаагүй учир засвар үйлчилгээ хийх санхүүжилт шаардлагатай байгаа юм байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд агаар бохирдуулагч ашигладаг бол түүнийхээ хэмжилтийг заавал хийлгэх шаардлатай байдаг юм байна.  

Харин НИТХ-ын Тэргүүлэгчид Байгаль орчны яам /хуучнаар/-аас гаргасан журам байхад бид давхардуулан энэ асуудлыг хэлэлцэн батлах шаардлагагүй,  харин “ЖАЙКА” олон улсын байгууллагаас нийлүүлж буй багажуудыг нийслэлийн өмчид авах хэрэгтэй гэв. Мөн БОНХ-ийн яамнаас тогтоосон төлбөрийн хураамжийг “Цэвэр агаар” санд хуримтлуулахгүй хотын төсөвт оруулж байх саналыг БОНХ-ийн яаманд тавихаар шийдвэрлэлээ. 

Хог хаягдлын менежментийг дахин боловсруулахаар боллоо

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хог  хаягдлын менежментийг боловсронгуй болгох хөтөлбөрийг батлах асуудлыг дахин хэлэлцлээ. Уг хөтөлбөрийг өнгөрсөн сарын хуралдаанаар хэлэлцүүлж байсан ч шаардагдах төсөв, үйл ажиллагааны зардлыг илүү тодорхой болгох, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр дутуу орхигдсон зүйлсийг нэмж дахин хэлэлцүүлэхээр хойшлуулаад байсан юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, НИТХ-ын Тэргүүлэгчдэд хандан  энэхүү хөтөлбөрийг хэлэлцэх асуудлыг дахин хойшлуулах хүсэлтэй байгаагаа хэллээ.  Тэрээр,  “Улаанбаатар хотын хогны асуудлыг шийдвэрлэх энэхүү хөтөлбөрийг нягтлан үзэж, тогтолцоо, болон байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр өөрчлөх хэд хэдэн санал байна. Хэн юугаа хариуцаж, хэрхэн хийх вэ гэдгээ маш тодорхой болгож байж та бүхэнд танилцуулах нь зөв байх.  Би хотын ерөнхий менежерийн ажлыг аваад удаагүй байгаа учраас энэ асуудлыг эргэн нягтлан харах  хэрэгтэй гэж бодож байна.  Миний хүсэлтийг хүлээн авч энэ асуудлыг хэлэлцүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэлээ. НИТХ-ын тэргүүлэгчид хүсэлтийг хүлээн авч, Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох хөтөлбөрийг хэлэлцэхийг дахин хойшлууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш