logo

"Энхбаярын брэнд"

2012/12/13
Брэнд гэсэн үг өөрөө чанар, үнэ цэнэ, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн утга илэрхийлж байдаг. Намбарын хүү Энхбаяр монголын улс төрд олон олон санаандгүй сюрпризүүд барьдагаараа зартай. Түүнийг хичнээн хараар будах гээд ч “Их өр” тэглэсэн, “Мянганы зам”-ыг эхлүүлсэн, “Мэгзэджанрайсэг”-ийг бүтээлгэсэн гээд Монголын түүхэнд өөрийн нэрээр нэрлэгдэх олон брэндийг дархалж чадсан нэгэн.
Тэр бас цагдаагийнхны баривчилгааг “брэнд” болгож чадсан. Нарсанд ч брэнд тодорхойлсон. Түүний зарласан 11 хоногийн хуурай өлсгөлөн “брэнд” байсан.   Бид брэндийг зөвхөн баячууд л өмсдөг, баячууд л идэж уудаг, тэдэнд л зориулсан үнэ цэнэтэй тансаг бараа бүтээгдэхүүн гэж ойлгодог байв.
Гэтэл баячуудын өмсөж зүүж, идэж уудаг брэндээс ч илүү, мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнэтэй брэнд эгэл борчуулд бас байдаг аж. Тэр бол “Хүн чанар”-ын брэнд. Харин тэд хамгийн үнэ цэнтэй брэндээр гангардаг гэдгээ мэддэггүй юм. Магадгүй түүнд л “Хүн чанарын брэнд”-ийн үнэ цэнэ байж ч болох.  Энэхүү брэндийг олон нийтэд танилцуулсан ёслолын үйл ажиллагаа, шоу нь өөрөө их өвөрмөц. Шоуны нэр “Энхбаярыг баривчлах”.
Цагдаагийн өндөржүүлсэн бэлэн байдлын дор бороохой шийдмээр өвч зэвсэглэсэн зургаан зуу гаруй мэргэшсэн цагдаа, хүчний өөдөөс сэтгэл, итгэлээс өөр зэвсэггүй хэдэн залуус, хөгшчүүл, нүдэндээ нулимстай хэдэн эхнэрүүд шөнөжин эсэргүүцэн зогсож “Хүн чанарын брэнд”-ийг таниулж билээ. 
Энхбаярыг өмгөөлөн хамгаалагчдын дунд автобусанд ч суух мөнгөгүй хүмүүс байсан гэдэгт та итгэх үү. Тэдний дунд айлын гэр хөлсөж амьдардаг хүмүүс байсан гэдэгт та бас итгэх үү.  
Тэд хаврын хавсрага, шороон дунд Төв аймаг руу явган нүцгэн гүйж, Ганц худагийн гадна “Хөх монгол сэрээрэй”-г сонсгож, Хорих 461 рүү өглөө эртлэн явган алхаж, 2-р эмнэлэгийн гадна ном уншуулж, амь насыг нь гуйж, Сүхбаатар дүүргийн Шүүхийн гадаа өдөржин усан бороонд нүдүүлж, Давж заалдах шатны шүүхийн үүдэнд шөнө дунд өнгөртөл хөлөө дэвслэн даарч зогсохдоо “хүн чанар” гэдэг хамгийн үнэтэй брэндээр гоёсон байсан.
Тэд үнэндээ Ланд 200, Ренж ровэр унаж, коньяк, Грей гүүс зооглож, мөрөндөө Бөрберри, Армани хөдөрч, хөлдөө Луй Ветон өшиглөж, гартаа Шанел, Гүчи барьж үзээгүй.
Тэхдээ, алдах эрх мэдэлгүй, ажлаасаа халагдах айдасгүй, автобусанд суух мөнгөгүй, айлын гэрт амьдардаг, тэр ард түмний дэмжлэг ямар хүчтэй болохыг 12 оны сонгуулиар харуулсан, мэдүүлсэн, сануулсан.
Харин одоо Энхбаяр “шударга ёсны брэнд”-ийг тодорхойлохоор өнөөх л хэдэн “борчуул”-тайгаа нийлж тэмцсээр…
Гэхдээ “Шударга ёсны брэнд”-ийг Энхбаяр биш Шүүх прокурор тодорхойлдог бол бүр кайфтай, илүү үнэ цэнтэй.

2012 оны 12 дугаар сарын 5
Улаанбаатар хот
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш