Газрын харилцааны эрх зүйн орчин бүрдэж эхэлснээс хойш их хэмжээний зөрчил, хууль бус үйлдлүүд гарсаар ирснийг нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайхан уржигдар хотын удирдлагын зөвлөлд таниулж, өмнөх ийм хууль бус захирамжуудыг дэс дараатайгаар хүчингүй болгохоор шийдсэн тухайгаа энэ үер мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд нийслэлд нийтдээ 12962 иргэн, аж ахуйн нэгжид 140 066 га газар олгожээ. Гэвч ихэнх аж ахуйн нэгжүүдэд газар олгохдоо хуулийн дагуу дуудлага худалдаа, төслийн сонгон шалгаруулалт огт хийгээгүй байжээ. Дөнгөж 29 удаа л дуудлага худалдаа явуулж, төсөвт 6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь дэндүү хариуцлагагүй явдал болсон байна. Иймээс газрын албаныхан энэ бүхэнд нарийвчилсан судалгаа хийж эхэлжээ. Хотын төв хэсэг буюу Цахилгаан шуудан компанийн урд талд байгаа С.Зориг агсны хөшөөний хажуугийн газрыг Нямдаваа гэгч иргэнд өгчихсөн байж жишээтэй. Мөн “Урт Цагаан” буюу Жуулчны гудамжны дэргэдэх замын гарцан дээр Саруулбаатар хэмээх нөхөр дарга нартай хуйвалдан газар авчээ. Бас нэлээд хэдэн сургуулийн хашаан дотор, тухайлбал, зөвхөн 52 дугаар сургуулийн эзэмшил газраас гэхэд 33 мянган метр квадратыг хууль бусаар бусдад өгсөн байх юм. Ийнхүү эхний ээлжийн судалгаа тооцоогоор 470 мянга гаруй га талбайг иргэн, аж ахуйн нэгжид хууль зөрчин эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх шийдвэрийг урьд нь хот, дүүргийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүс захирамж гарган олгосон байв. Эдгээр нь хотын ерөнхий архитектор, төлөвлөлтийн бодлого алдагдаж, иргэдийн эрх ашиг хохирох нэг гол учир шалтгаан аж. Иймээс шалгалтаар илэрсэн 40 гаруй хууль бус захирамжуудыг хүчингүй болохоор шийджээ. Газар эзэмших эрхийг цуцалснаас үүдэн зарим нэг маргаан үүсч болзошгүй гэнэ. Шүүхийн хүрээнд ч асуудлыг авч үзэх нөхцөл үүсэх бололтой. Учир нь нэгэнт барилгаа барьчихсан компаниуд өөдөөс нь өмчөө нэхэж таарах аж. Захиргааны хэргийн шүүхэд тэдний түрүүчээс өргөдлөө бариад очиж буй юм байна. Жишээ нь, барилгын хууль журмыг зөрчсөн гэх хэл аманд удаа дараа өртөж, зөвшөөрөлгүй газарт барилга барьж, иргэдээс олон тэрбум төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт авсан “Тэлмүүнбаатар” компанийн захирал Эрдэнэчимэг гэгч нь “Миний эрх зөрчигдлөө” гээд шүүхэд ханджээ. Ер нь Газрын албаны даргын ярьж байгаагаар бол нийслэлийн аль ашигтай гэсэн нэгдүгээр зэрэглэлийн бүсэд хэдхэн компани, хувь хүмүүс л газрын наймаа хийсээр өдий хүрчээ. Тэдний арилжааны дундаж ханш нэг сая ам.доллараар хэмжигдэж буй. Тиймээс өнөөдөр газрын харилцааны зөрчлүүд дээр нийслэлийн хууль хяналтын байгууллагууд хүчээ төвлөрүүлэх цаг болсоныг М.Батсайхан онцолж, энэ талаар санал бодлоо солилцохыг хүссэн байна.
Хяналт тавих жижүүрийн ерөнхий төлөвлөгөө хэрэгтэй
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй М.Ням-Очир хотын ерөнхий төлөвлөгөө, түүний гүйцэтгэлийг харуулсан мэдээллийн нэгдсэн сангүй явж ирсэнд харамсаж байгаагаа илэрхийллээ. Газар олголт, барилгажилтад хяналт тавих гэж элдэв янзын бичиг цаас, дүгнэлт шаардсаар хамаг цагаа алддаг, энэ хооронд цаад хуулийн этгээдүүд нь янз бүрээр засварлаж орхидог зэрэг ноцтой зөрчлийг таслан зогсоох арга замын талаар мөн тэр хэд хэдэн санал хэлсэн юм. Тус газраас 600 шахам барилга дээр хяналт хийхэд 170 орчим нь зөвшөөрөлгүй байжээ. Тэдэнд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолын 40 гаруй хувь нь хотын дэд бүтэцтэй холбоотой байж. Гэхдээ мэргэжлийн хяналтын аравхан байцаагчийн орон тоо нь хаанаа ч хүрэлцдэггүй гэнэ. Нэг барилгын маргаантай асуудлаар дүгнэлт гаргах гэж барилга дээр нь очихдоо дор хаяж гурван албан тушаалтантай уулзахаас аргагүй болдог байна. Ингэж явсаар бусад ажлаа цалгардуулахад хүрдэг аж. Сүүлийн жилүүдэд хотын барилгажилт өсч, хуучин орон тоогоор тэд ийнхүү ажил албаа залгуулах боломжгүй болжээ. Барилгын норм журам, аюулгүй ажиллагаа алдагдаж, барилга дээр хүмүүс амиа алдах нь улам нэмэгдсээр байгаа нь энэ бүхэнтэй холбоотойгоос гадна хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх механизм нь ч бас дутагдаж байгаа ажээ. Наад зах нь улсын байцаагчийн нэгэнт гаргасан шийдвэрийг тухайн барилгын эзэд биелүүлээгүй тохиолдолд газар, барилгын зөвшөөрлийг хэрхэн цуцлах эрх зүйн актууд тодорхой бус байдаг юм байна. Ер нь цаашдаа мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүргийг олон нийтийн байгууллагад шилжүүлэх, ажлын уялдаа холбоог нь сайжруулах саналыг ч бас М.Ням-Очир хэлээд авна лээ.
Компанийн эздийг ч эрүүгийн хариуцлагад татах ёстой
Прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд ийм зөвлөлгөөн хийсэнд сэтгэл хангалуун байлаа. Нийслэлийн прокурор Б.Бат-Орших хэлэхдээ “Прокурор бол төрийг төлөөлдөг. Сүүлийн үед хэрэг мөрдөлтийн ажиллагаа барилга руу нэлээд чиглэх боллоо. Тэнд залилан мэхлэлт гарч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал ч ихээхэн алдагдлаа. Бид өнөөдөр дайны нөхцөл байдал дунд амьдраагүй. Чанаргүй барилга улам олширч байна. Байрандаа хүндхэн цейф оруулаад тавихад шал нь цөмөрдөг болж. Тиймээс хууль хяналтынхан бид бодлогоо нэгтгэх цаг болсон. Хэрвээ захиргаа нь эрх зүйн үндэслэлгүй захирамж гаргасан бол тэдэнд хариуцлага тооцох ёстой. Захиргааны хэргийн шүүхэд прокурор оролцож болно. Энэ тухай хуулиар зааж өгсөн боловч харин хэрэгжихгүй байна. Гэхдээ прокурорууд бид захиргааны хэрэг бүртгэлд хяналтаа тавьсаар байгаа. Тиймээс хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрэхгүй” гэсэн юм. Мөн нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал “Манайд барилгын салбарын 35 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 19 хүн нас барсан байна. Эдгээр гэмт хэргээс ес нь яллах дүгнэлт үйлдэгдээд прокурор, шүүх рүү шилжсэн. Зургаан хэргийн гэм хор арилгагдсан гэж үзээд хэрэгсэхгүй болгосон, зургаан хэрэг нь гэмт хэргийн бүрдэлгүй байжээ. Гэхдээ гэмт хэргийн зүйлчлэл барилгын салбарын хувьд хөнгөн талдаа байгаа. Гол нь барилгын компанийн эздэд эрүүгийн хариуцлага хүртэл тооцох хэрэгтэй болжээ. Тэд аюулгүй ажиллагааг хариуцах л ёстой. Гэмт хэргийн субьект болж буй тэдний ашиг хайсан үйлдлээс их зүйл хамаарч байгаа тул эрүүгийн эрх зүйн орчинг ч өөрчлөх хэрэгтэй юм. Хөнгөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч байж таарахгүй байх. Барилгын компаниуд хотын ерөнхий төлөвлөгөө, стандартыг мөрдөөгүй бол эрүүгийн хариуцлага хүлээж яагаад болохгүй гэж. Ер нь манай хуулинд аж ахуйн нэгжийн удирдлагын хэргийг авч хэлэлцэх практик бий. Харамсалтай нь Газрын тухай болон бусад хуульд цагдаагийн эрх үүргийн асуудал муу сууж өгсөн байна. Газрынхаа талбайг дур мэдэн тэлж барилга объект босгосон тохиолдолд яахыг хуулиар зааж өгөөгүй байгаа юм. Цаашдаа шинжээчдийн мэргэжлийн ур чадварыг ч дээшлүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газрынхан аливаа дүгнэлтийг их удаадаг. Үүнээс болоод хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учирч байна” гэв. Энэ мэтээр хууль хяналтынхан нэлээд ажил хэрэгч санал, шүүмж тавив. Нийслэлийн Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа хууль хяналтын ажилтнууд болоод нийслэлийн захиргааны ажилтнуудын зайлшгүй дагаж мөрдөх ажлын чиглэл, арга барил, эрх зүйн хүрээний асуудлуудаар зөвлөмж гаргаж өгөхөд тусална гэдгээ ч бас амлаад авлаа. Гэхдээ тэр “Манай ажилтнууд өндөр үнэ хөлсөөр ажилладаг хүмүүс шүү” хэмээн хошигнож байсан юм. Харин түүний хэлснээс үзвэл өнгөрсөн хугацаанд газартай холбоотой шүүхийн маргаан шийдвэрлэлт хамгийн бага буюу дөнгөж 0,9 хувьтай байсан байна. Ийнхүү барилга, хот байгуулалт, төлөвлөлт, гүйцэтгэлийн бүх шатанд хуулиа дээдэлж, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмаар ажиллахыг хотын захирагч Э.Бат-Үүл дахин уриалж, энэ удаагийн зөвлөлгөөн өндөрлөв.
Б.Отгонбаяр