Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Д.Арвин, Я.Батсуурь, Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан “Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ хуулийн төсөлд “газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг оврын үйлдвэрийг газар нутгийн онцлогийг харгалзан бүсчилсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах” гэснийг ”газрын тос боловсруулах бага хүчин чадалтай үйлдвэрийг газар нутгийн онцлогийг харгалзан бүсчилсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах” хэмээн өөрчлөх саналыг хууль санаачлагч нарт уламжлахаар боллоо. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2008 онд 800 гаруй мянган тонн байсан бол 2015 онд жилд 1.7 сая тонн болж нэмэгдэх учир жижиг оврын үйлдвэрүүдийг бүсчилсэн байдлаар барьж байгуулах нь зүйтэй гэж нэр бүхий гишүүд төсөл санаачилсан байна.