logo
Пакистанд дөнгөж төрсөн охин хүүхдийг егүүтгэх тохиолдол ихэсчээ

Пакистанд дөнгөж төрсөн охин хүүхдийг егүүтгэх тохиолдол ихэсчээ

2011/07/21
Пакистаны Карачи бол эмх цэгцгүй, дуу чимээ ихтэй, харамсалтай нь заримдаа зарим газраа маш бохир заваан хот. Харин Пакистан дахь хамгийн аймшигтай, эмгэнэлт явдал олонд ил болж байгааг нэгэн тусламжийн байгууллага мэдээлж байна. Энэ бол дөнгөж төрсөн эмэгтэй хүүхдийг хөнөөх. Пакистаны хамгийн том хувийн тусламжийн байгууллага болох Эдхи сангийн менежер Анвар Казми хэлэхдээ хүмүүс заримдаа охидыг дүүжилдэг, заримдаа хутгаар хөнөөдөг, бас охидын цогцсыг шатаасан байхыг бид олж байсан гэсэн байна. Тус байгууллагын дуудлага хүлээн авах төв дээр ажиллагсад Пакистанд өнгөрсөн жил дөнгөж төрсөн 1.200 гаруй нялх хүүхдийг хөнөөсөн эсвэл гудамжинд хаясан тухай мэдээллийг хүлээн авчээ. Энэ нь 2009 оныхоос 200-аар өссөн үзүүлэлт юм. Нялх хүүхдүүдийн цогцсыг цогцос хадгалах газар авчирдаг байна. Сүүлийн хэдэн өдрийн хугацаанд гэхэд таван цогцсыг Карачи хотын ойролцоо газруудад хаясан байхыг олсон байна. Тэдгээр цогцсыг олохоос өмнө амьтад  зэрэмдэглэх тохиолдол байдаг. Нарт хорвоод амьдрах хувь дутсан тэднийг гэр бүл нь тэднийг хууль бус хүүхэд гэж үздэг байна. Пакистанд гэрлэхээсээ өмнө эсвэл нөхрөөсөө өөр хүнээс хүүхэдтэй болохыг ихээхэн "буруутгадаг" гэнэ. Эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэх нь ихэвчлэн хориотой байдаг энэ улсад эмэгтэй хүүхдийг өсгөхөд хэтэрхий их зардалтай гэж үздэг байна. Олон арван жилийн турш ард иргэдийнхээ боловсролын төвшинг дорвитой дээшлүүлж, ажлын байр хангалттай бий болгож чадаагүй Пакистаны засгийн газрыг хүний эрхийн идэвхтнүүд буруутгадаг. Эдгээр асуудлын шийдэл юу байх болоо гэсэн асуултанд Эдхи сангийн менежер Анвар Казми хариулахдаа хүмүүсийн боловсролын төвшинг дээшлүүлэх, тэр дундаа бичиг үсэг тайлагдсан байдлыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах гэсэн байна. Засгийн газар боловсролын салбарыг хөгжүүлж байгаа гэж мэдэгдэж байгаа хэдий ч НҮБ-ын мэдээлснээр 55 сая Пакистан хүн бичиг үсэггүй байна. Түүнчлэн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаанд их зардал гарч байгаа нь Пакистаны хууль тогтоогчдод хүндрэл учруулж байгаа юм. Дөнгөж төрсөн хүүхдийг хөнөөх нь тийм ч их анхаарал татахгүй байна. Эдхи сан нөхцөл байдал сайжиртал хүүхдийн орыг байгууллагынхаа албан байруудын өмнө байлгана, гэр бүлүүд хүсээгүй хүүхдээ энд орхиж болно, тэдгээр хүүхдүүдийг үрчлэгдэх хүртэл манай байгууллага асарч халамжилна гэж зарлажээ. Эдхи Сангийн менежер Пакистанчуудад хандан гэм зэмгүй нялх хүүхдээ битгий хөнөөгөөч гэж уриалсан байна.
 Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш