ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан энэ энэ сарын 17-18-ны өдрүүдэд Кувейт Улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Кувейт Улсын Гадаад хэргийн дэд сайд ноён Халид Аль-Жаралла-тай уулзаж, Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Хамад Аль-Сабах-ыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгыг гардуулав. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа өндөр түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл таатай байгаагаа илэрхийлж, хоёр орны хооронд харилцан төлөөлөгчид солилцох, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Манай тал саяхан байгуулагдсан ЗГХК-ын талаар мэдээлж, энэхүү Комиссын кувейтийн хэсгийг байгуулахыг санал болгосонд кувейтийн тал дэмжиж байгаагаа илэрхийлж, ойрын үед хариу өгөхөөр болов.
Мөн өдөр ТНБД Г.Цогтсайхан Кувейтийн Газрын тосны корпорацын "KUFPEC" компанийн гүйцэтгэх захирал Низар М.Аль-Адсани-тай уулзаж манай улс Кувейтээс газрын тос авах боломжийн талаар санал солилцлоо.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын Кувейт Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байгаа бөгөөд тэрбээр өнөөдөр Кувейтийн Эмирийн ордны асуудал эрхэлсэн сайд Шейх Нассер Аль-Сабах болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн Сан, Кувейтийн Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал нартай уулзана.