Айлчлалаар хоёр орны цагдаагийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, Шинэчлэлийн Засгийн Газрын зорилтын хүрээнд Монгол Улсын ЦЕГ-ыг шинэчлэн бэхжүүлэх хүрээнд Түркийн цагдаагийн байгууллагын дэмжлэг туслалцааг авах, сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон чухал асуудал хөндөж ярилцлаа.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Түркийн ЦЕГ-ын харъяа Нийгмийн хэв журам сахиулах болон мөрдөн шалгах газар, Цагдаагийн тагнуулын газар, Интерпол, Европол, Сирэнэгийн газар, Цагдаагийн Академи, Замын цагдаагийн газар, Мэргэжлийн сургалтын газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх академи зэргээр зочиллоо.
Түркийн цагдаагийн академид манай сонсогч нар 1997 оноос суралцаж эхлэн 42 хүн төгссөн бөгөөд эдүгээ баклаврын 26, магистр, докторын 10 оюутан суралцаж байна. Мөн өнөөг хүртэл мэргэжил дээшлүүлэх 23 удаагийн богино хугацааны сургалтанд 332 хүн хамрагдсан байна.