logo
Сайд нар ЗХ-ний 016 дугаар бригадийн ажиллагаатай танилцлаа

Сайд нар ЗХ-ний 016 дугаар бригадийн ажиллагаатай танилцлаа

2012/12/18

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын ажил байдалтай танилцан, Зэвсэгт хүчний хэмжээнд анхны бригад болсон тус бригадыг тохижуулах чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

Сайд нарыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, бригадын генерал З.Болдбаатар, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Г.Сүхээ, ЗХЖШ-ын ЕЗЦ-ийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЦХҮГ-ын дарга, бригадын генерал Д.Даваа нарын албаны хүмүүс дагалдан явав.

Өнгөрөгч хавраас шинэ бүтэц, зохион байгуулалтад шилжсэн тус бригадынхан энэ хугацаанд тохижилт болон бусад ажил албаны хувьд их зүйлийг хийж амжуулсан нь бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаярын танилцуулгаас тодорхой харагдаж байлаа.

Сайд нар тус бригадын цэргийн байрууд, танкийн дадлагын цахим транежёрын танхим зэрэгтэй танилцсан юм. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Манай Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид цаашдаа нормт ахуй хангалтын эд зүйлстээ дотоодын бүтээгдэхүүн өмсөж эдэлж, хэрэглэж байвал үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн маш зөв алхам болно ” гэсэн саналыг хэлж байлаа.

Төрийн ордон дахь төрийн тулганы галыг бадраах ёслолыг анх санаачилж, түүнээ орон даяар төдийгүй бусад улс оронд ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ дунд өрнүүлсэн сайд Н.Батбаяр мөн энэ үеэрээ Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа тулганы гал тахих ёслолыг тус бригад дээр хийсэн нь сонин содон арга хэмжээ боллоо.

Тус бригадын жагсаалын талбайд зохион байгуулсан энэ ёслолд оролцсон генералууд, офицер, ахлагч, цэрэг дайчид, ажилтан албан хаагчид эрт дээр үеэс галаа тахин сүсэглэж ирсэн монгол ёс заншлаар ихэд бэлгэшээж байсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш