logo
Гурилын үнийг тогтвортой барихад зориулан  61 тэрбум төгрөгийн зээл олгоно

Гурилын үнийг тогтвортой барихад зориулан 61 тэрбум төгрөгийн зээл олгоно

2012/12/18
Монгол улсын шинэчлэлийн засгийн газар, Монгол банкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр”-ийг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/166/А24 тоот тушаалаар баталсан.  

Дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд шинэ  ургацын хүнсний улаанбуудай худалдан авахад хөнгөлөлттэй зээлийг олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцлийг тогтмол хангах зорилго бүхий “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг Монголбанктай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан Монголбанкнаас 61 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг нээсэн.Тус яамнаас дээрх хөнгөлөлттэй зээлийг олон нийтэд нээлттэй зарлаж доорхи шалгуур үзүүлэлтүүдийг хангасан үйлдвэрүүдийг материалаа ирүүлэх урилгыг том, жижиг бүх гурилын үйлдвэрүүдэд аймгуудын ХХААЖДҮГ-аар дамжуулан  хүргүүлсэн. Зээлийг олгоход дараахь шалгуур үзүүлэлтүүдийг чухалчилан үзсэн. Үүнд: 
Гурилын үнийг тогтвортой байлгах талаар ҮХААЯ-тай санамж бичигт гарын үсэг зурсан байх
Тариаланчид болон ТЭДС-аас хүнсний улаанбуудай худалдан авсан болон авахаар гэрээ байгуулсан
Тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь зах зээлд танигдсан
Нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, өөрийн нэрийн болон томоохон худалдааны зах төвүүдээр борлуулагдах   жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр худалдаалахыг зохион байгуулах гэх мэт

Улсын хэмжээнд 73 гурилын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар санамж бичигт гарын үсэг зурсан 46  том, жижиг гурилын үйлдвэрүүд материалаа ирүүлж 35 аж ахуйн нэгж шалгараад байна. Үүнд Дархан-уул, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Увс, Өвөрхангай, Хэнтий, Говь-алтай, Дорнод зэрэг 10 аймаг, нийслэлийн 35  гурилын үйлдвэрүүдэд хамрагдлаа. Оны эхний 9 сарын байдлаар манай улс дотооддоо 75,4 мян.тн гурил үйлдвэрлэж 40,1 мян.тн гурил, 2.0 мян.тн улаанбуудай импортлосон мэдээтэй байна. 2012 оны 07 сараас хойш гурил импортоор орж ирээгүй байна.
Өнөөдрийн байдлаар “Гурилын хангамж, үнийг тогтвортой байлгах тухай” хамтран ажиллах санамж бичигт яамтай нийслэл болон орон нутгийн 46 гурилын үйлдвэр гарын үсгээ зураад байна. Гурилын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан хамтран ажилласнаар хүн амын хүнсний гол хэрэглээ болох  нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөг, өөрийн нэрийн болон томоохон худалдааны зах төвүүдээр /10 кг-аас дээш савлагаатай /борлуулагдах  жижиглэнгийн үнийг 650 төгрөгөөс дээшгүй үнээр  хэрэглэгчид худалдан авах боломж бүрдэж байгаа юм. Гурилын үнэ, чанарт ҮХААЯ, ШӨХТГ, МХЕГ,   иргэд  хяналт тавьж ажиллана. 
ҮХААЯ-нд өнөөдөр энэ талаар хэвлэлийн бага хурал хийж ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, ТНБД Х.Золжаргал, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээ, Монгол банк, ШӨХТГ, гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш