logo
2013 онд Ахмадын чуулган зохион байгуулна

2013 онд Ахмадын чуулган зохион байгуулна

2012/12/18
“Ахмадаа сонсъё” аяны хүрээнд Баянгол дүүргийн 70 гаруй ахмадтай 2012 оны 12-р сарын 12-ны 12 цагаас УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ уулзаж Хүн амын болон ахмад настны талаар Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, 2013 он гараад Ахмад настнуудын үндэсний чуулган зохион байгуулахаар бэлтгэл ажил эхлээд байгааг мэдэгдлээ. 

   Уулзалт ярилцлагад Баянгол дүүргийн шинээр сонгогдсон ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Орсоо нар оролцсон. Тэд ахмадуудын нийгмийн халамж, хамгаалалд түлхүү анхаарахын зэрэгцээ дүүргийнхээ хороодод дахин төлөвлөлт хийж бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг хангаад, дулааны улирал эхэлмэгц ажилдаа шуурхай орох болно хэмээн иргэддээ мэдээллээ. Дүүргийнхээ бүтээн байгуулалтыг өрнүүлэх энэхүү ажилд дүүргийн иргэд, ахмад та бүхний оролцоо, туршлага, мэдлэг, чадвар, чухал гэдгийг онцолж байлаа.
   Мөн ХАХНХЯ-ны ТЗУГ-ын дарга Л.Золжаргал - Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Мөнхчулуун ахмад настны талаарх Засгийн газрын шийдвэр, бодлого, чиглэлийн талаар, Баянгол дүүргийн Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гомбосүрэн- Ахмад настны халамж, үйлчилгээний төрөл, хүртээмжийн талаар ахмадуудын сонирхсон асуултад тус тус хариулт өглөө.
   Ахмадууд Шинэчлэлийн засгийн газраас ард иргэдийнхээ төлөө авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа эрч хүчийг алдахгүй байхыг уламжилж байлаа. Мөн орон гэргүй нийгмийн эмзэг бүлэг болсон иргэд болон архинд донтсон иргэдийг ойрын хугацаанд албадан хөдөлмөр эрхлүүлэх замаар нийгэмшүүлэх асуудлыг хөндсөн. Үүнээс гадна өмнө нь ажиллаж байсан Дүүргийн болон хорооны засаг дарга нарын ахмад настнуудыг ялгаварлан гадуурхдаг байсан зохисгүй байдлыг таслан зогсоож, Нийслэлд ахмадын ордонтой болох, хөдөлмөр нь үнэлэгдээгүй олон мянган ахмадуудыг урамшуулан шагнахад анхаарч, ахмадуудын туршлага, мэдлэг, чадварыг ашиглах түүнийг нь хойч үедээ өвлүүлэх зэрэг олон санал санаачилгыг иргэд гаргаж байлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш