logo
“Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганаар хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдичлан сэргийлэх, хамгаалах асуудлыг хөндлөө

“Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганаар хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдичлан сэргийлэх, хамгаалах асуудлыг хөндлөө

2012/12/18
Манай улс 0-18 насны 967.9 мянган хүүхэдтэй, 780.0 мянган өрх, гэр бүлтэй бөгөөд тэдний хөгжил, хамгааллын асуудал нь нийт хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой хамгийн чухал асуудал билээ.

Мөн хүүхэд, багачууд өрх гэрийн төдийгүй улс орны ирээдүй бөгөөд хүүхдүүдээ төрийн бодлогын гадна орхигдуулдаг нэг ч улс орон байхгүй. Үүний адил хүүхдийн асуудал Монгол төрийн бодлогын эн тэргүүнд байх учиртай.

   Шинэчлэлийн Засгийн газраас хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэж байгаа бөгөөд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбараас баримтлах шинэтгэлийн бодлого, хөтөлбөрийн төвд хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал байхаар, улмаар уг асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогод тулгуурлан цогцоор нь авч үзэх бодлогыг дэвшүүлж байгаа юм.

   Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогод тулгуурлан цогцоор нь авч үзэх хэрэгтэйн дээр сүүлийн жилүүдэд аливаа эрсдэлд хүүхдүүд олноор өртөж байгаа нь хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг авч үзэхдээ нэн тэргүүнд тэдэнд учирч буй аливаа эрсдлийг бууруулах, хүүхдэд ээлтэй, аюулгүй гэр бүл болон нийгмийн орчинг бүрдүүлэх асуудлыг зайлшгүй анхаарч авч үзэх бодит нөхцөл, шаардлагыг бий болгож байна.

   Гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдал, хүүхдэд учрах аюул эрсдлийг үл тооцоолох байдал, хүүхэд хамгааллын талаарх ойлголт мэдлэг хомс, амьдралын буруу дадал хэвшил, хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухамсар дутмаг зэрэг нөхцөл шалтгааны улмаас хүүхдүүд аливаа эрсдэлд олноор өртсөөр байгаа юм.

  Тухайлбал,барилгын компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж амь насаа алдсан 12-хан настай охин, Сэлэнгэ мөрөнд эхийнхээ хамтаар сураггүй болсон наймхан сартай хүү, 300 төгрөгнөөс болж хойд эцэгтээ зодуулан эрүүл мэндээрээ хохирсон 7-хан настай хүү зэрэг нийгэм, олон нийтийг хамгийн их эмзэглүүлсэн, хамгийн их цочроосон жишээг дурдаж болно.

Иймд төр, засгийн зүгээс улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлийн хөгжилд суурилсан бодлогын хүрээнд шинээр авч үзэж, хүүхэд бүр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид тусгагдсан үндсэн эрх, тэр дундаа ээлтэй, аюулгүй орчинд амьдрах эрх, орчин нөхцлөөр хангагдсан бодлого, арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.

   Дээрх үндсэн зорилгын хүрээнд болон Шинэчилсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газраас орон даяар зохион байгуулсан “Хүүхдээ сонсъё” аяны үр дүнд ирүүлсэн 135.0 мянган хүүхэд, 30.0 мянган багш, эцэг эхийн санал, бодлыг үндэслэн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганыг 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

   Тус Үндэсний чуулганд хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл болсон нийт 800 гаруй зочид, төлөөлөгчид 21 аймаг, 9 дүүргээс оролцсон бөгөөд хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал, тэр дундаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцид тусгагдсан үндсэн эрхүүдийн хүрээнд хүүхдийг аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд, гэр бүлд ээлтэй, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх шинэчлэлийн бодлого, арга хэмжээний асуудалд чиглэгдсэн байна.

   Улс орны хойч ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа сайн сайхны төлөө, хүүхдийг аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд, гэр бүлд ээлтэй, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр хуран чуулсан тус Үндэсний чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын дарга илгээлт ирүүлсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУ-ын Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ нар өөрийн биеэр оролцож байр сууриа илэрхийлсэн юм.

   “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” үндэсний чуулганаар хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлогын хүрээнд хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин, нөхцлийг бий болгох төрийн бодлогыг дэмжин, хамтарч ажиллахыг төр, төрийн бус болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэд, олон нийтэд уриалсан зөвлөмж гарсан бөгөөд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын талаарх хууль, тогтоомжуудыг амьдралд ойр, хэрэгжих боломжтой, үр дүнтэй, гол нь хүүхдийн эрх ашгийг хангасан нөхцлийг бүрдүүлэхэд чиглүүлэн боловсронгуй болгох, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын тогтолцоо, салбарын бүтэц, удирдлага, зохион байгуулалтыг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн оновчтой хэлбэрээр шинэчлэн зохион байгуулах, хүүхдийн өмнө хүлээх төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайгаас оруулж буй орлогоос жил бүр 1 хувийг хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын төлөө хөрөнгө оруулалтад зарцуулж байх зэрэг асуудлыг уг зөвлөмжид тусгасан байна.

   Мөн “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх, хүүхэд, гэр бүлийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаах хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа, хүүхдийн асуудлаар үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудыг төлөөлж НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл, Японы Хүүхдийг ивээх сангийн захирал Мицуаки Тоёода, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Венсент Эдуардс, Норвегийн тусламжийн байгууллагын төслийн удирдагч Силье Одегард, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг төлөөлж Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Ц.Янсанжав, хүүхдийн асуудлаарх иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж Хүүхэд хамгааллын Үндэсний сүлжээний зохицуулагч С.Баасанбат нар гарын үсэг зурсан юм.

   Цаашид Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбараас хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хүрээнд тэр дундаа хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр холбогдох хууль, тогтоомжуудыг боловсронгуй болгох, хүүхдийн өмнө хүлээх бүх шатны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, тогтолцоог боловсронгуй болгох, бодлого, үйл ажиллагааг уг асуудалд чиглүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг шинэчлэлийн шинж чанартай шийдвэртэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш