logo
Иргэний нисэхийн анхны даргад Б.Цогийн хөшөөг төрсөн нутагт нь босголоо

Иргэний нисэхийн анхны даргад Б.Цогийн хөшөөг төрсөн нутагт нь босголоо

2012/12/18
БНМАУ-ын баатар, Батлан хамгаалах яамны /БХЯ/ нэгдүгээр орлогч сайд, Иргэний нисэхийн ууган дарга, хурандаа генерал Б.Цогийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан түүний төрсөн нутаг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын алдарын талбайд зориулсан гэрэлт хөшөөг нь босгожээ.
    Монголын ардын армийн эгнээнд 50 шахам жил зүтгэж, 1939 онд Халхын голын байлдаанд их бууны ангиудыг командлан оролцож гарамгай гавьяа байгуулсны дээр 1945 онд зөвлөлтийн армийн танкийн бригадыг фронт дээр командлан тулалдаж, Монгол-Зөвлөлтийн армиудын дайчин холбоог бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан их хувь нэмрийг нь үнэлж, 1981 онд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, хурандаа генерал Бутачийн Цогд БНМАУ-ын баатар цол олгожээ. БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд түүнийг 1957-1965 онд БНМАУ-ын Агаарын харилцааны газрын даргаар хавсруулан ажиллуулсан бөгөөд иргэний нисэхийн тээврийг үүсгэн байгуулж, бэхжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
    Тэрбээр цэргийн нисэх хүчнийг иргэний нисэхийн байгууллага болгон өөрчлөн зохион байгуулах, иргэний нисэхийн шинэ хөлгүүдийг хүлээн авч нисэх багуудыг бэлтгэх, төв хөдөөгийн нисэх буудлуудыг байгуулж тохижуулах, Улаанбаатар хотын төв буудлыг өргөтгөж, төхөөрөмжлөх, нисэхийн боловсон хүчнийг бэлтгэх, нисэх бүрэлдэхүүний сахилга зохион байгуулалтыг бэхжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үйлст ажил зохион байгуулах авьяас чадвар, мэдлэг оюунаа дайчилж онцгой хувь нэмэр оруулсныг иргэний нисэхийн салбарынхан гүнээ хүндэтгэн дурслаа.
    Монгол Улсын Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг Монгол Улсын баатар, цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит болгосон юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш