logo
Сүхбаатарын талбайн урд рекламны самбар байрлуулахыг хориглоно

Сүхбаатарын талбайн урд рекламны самбар байрлуулахыг хориглоно

2012/12/19
Нийслэлийн өнгө төрхийг тодорхойлогч нэг хүчин зүйл бол хотын гудамж талбайд байрлуулсан рекламны самбар юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд замбараагүй байрлуулсан рекламын самбарууд хотын өнгө төрхийг чимэх биш харин ч өнгө үзэмжгүй харагдуулж байна гэж иргэд шүүмжилдэг. Тиймээс нийслэлийн удирдлага хотын нутаг дэвсгэрт байрлах рекламны самбарыг цэгцлэхээр төлөвлөж байна. Одоогоор НИТХ-аас  2006 онд батлагдсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт "гадна реклам, мэдээллийн байгууламж" байрлуулах талаар байгууллага аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмын дагуу хотын зам талбайд рекламны самбаруудыг байршуулж байгаа юм. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хотын "гадна реклам мэдээллийн байгууламж"-ийн өнөөгийн нөхцөлд үнэлэлт дүгнэлт өгөн одоогийн мөрдөгдөж буй журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм байна.  Энэхүү шинэ журамд  Нийслэл Улаанбаатар хотод гадна рекламын байгууламж байрлуулахыг хориглосон гудамж, зам талбайн жагсаалтыг батлан оруулахын зэрэгцээ тухайн гудамжинд ямар загвар хэмжээтэй, хэдэн ширхэг рекламын байгууламж байрлуулж болохыг нарийвчлан тогтоож өгөх юм байна. Энэхүү журам мөрдөгдсөнөөр түүх соёлын дурсгалт газар, архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж, Сүхбаатарын талбайн урд цэцэрлэг зэрэг газруудад "гадна рекламын байгууламж" байрлуулахыг хориглох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш