Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй түүхий нүүрсийг бүрэн шатаах зуух утааг 70-80 хувь, хагас коксжуулсан шахмал түлш 100 хувь бууруулах боломжтой. Өнөөдөр нийслэлийн гэр хорооллын 180 мянган өрхөөс 100 мянга гаруйг нь утаагүй зуухаар хангаад байгаа. Ирэх онд үлдсэн хувийг нь хангана. Харин утаагүй түлшний хувьд хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх цогцолборыг ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн барьж эхлээд хоёр жил болж байна. Энэ үйлдвэр жилд 300 мянган тонн нүүрсэнд боловсруулалт хийн 135 мянган тонн кокс гаргаж, үүгээрээ210 мянган тонн утаагүй шахмал түлш үйлдвэрлэх зорилттой юм. Ажлаа эхэлж чадахгүй байгаа уг үйлдвэртэй танилцахаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг ДЦС-2 ТӨХК-д очсон юм.
Уг төслийг хариуцагч "Аморе интернэшнл" ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баатарсүрэнгийн танилцуулснаар ашиглалтад оруулах ёстой гурван үйлдвэрийн барилгыг дуусгаж, тоног төхөөрөмжүүдийг бүрэн байрлуулжээ. Технологийн хувьд ОХУ-ын "Сибтермо" компанитай хамтран ажилласан ч техникийн тохиргоонд зөрүү гарч доголдуулснаас үйлдвэр хүчин чадлаараа тасралтгүй ажиллаж чадахгүй байгаа гэнэ. “Ийм том хэмжээний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг турших, тохируулах, зүгшрүүлэх ажил хугацаа их шаарддаг юм байна. Монголд хэрэгжиж байгаа анхны томоохон төсөлучраас бидэнд туршлага дутлаа” хэмээн тайлбарлалаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнгөрсөнд хүн бүхэн цэцэн гэдэг шиг бид өмнөхөө муулж буруушаахыг урьтал болгохгүй. Харин яавал энэ саадыг богино хугацаанд гэтлэх вэ, Засгийн газраас ямар шуурхай арга хэмжээ авах вэ гэдгийг тодруулахаар танилцаж байна” гээд, хэзээ бүрэн хүчин чадлаараа ажиллахыг үйлдвэрийн удирдлагаас асуулаа. Ж.Баатарсүрэн захирал энэ талаар тодорхой хугацаа хэлэх аргагүй байгаа ч шуурхай ажиллаж, техникийн тохируулгаа хийчихвэл үйлдвэр тасралтгүй ажиллаад эхэлнэ гэлээ.
Улаанбаатарын утааг бууруулах ажлын цөм нь утаагүй түлшний үйлдвэрлэл. Түүхий нүүрснээс өөр түлшгүй өнөөдрийн нөхцөлд хагас коксон түлшний хэрэглээ рүү шилжиж байж утаанаасаа бүрэн сална. Нийслэлчүүд өвөлдөө 600-700 мянган тонн түүхий нүүрс түлдэг. Энэ хэрэглээг утаагүй түлшээр солиход 500 мянган тонн хагас коксжсон түлш хэрэгтэй. Үүний 210 мянган тонныг тус үйлдвэрт боловсруулж, энэ өвөл иргэддээ хүргэхээр тооцоолж байсан юм.
Нийслэлийнхнийг бүрэн хангах утаагүй түлшний үлдсэн 300 мянган тоннын хэрэглээг хангахын тулд 2014 онд багтаан дахин өөр үйлдвэр барих шаардлагатай байна. Харин энэ үйлдвэрийг хаана баривал илүү үр дүн, ашигтай байх талаар Ерөнхий сайд тус цогцолборт ажиллах үеэрээ салбар хариуцсан яам, ажил гүйцэтгэгчидтэй санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.