logo
ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х. Баттулга  “Авлига Би авахгүй, Би өгөхгүй” аянд нэгдлээ

ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х. Баттулга “Авлига Би авахгүй, Би өгөхгүй” аянд нэгдлээ

2012/12/19
“Монголын Залуучуудын Холбоо” нь 3-р сараас эхлээд “Авлига Би авахгүй, Би өгөхгүй” аяныг өрнүүлсэн бөгөөд FB групп дэх залуусын нэгдэл, avliga.mn сайт, “Залуучуудын үнэн” сонинд авлигагүй тоолуур зэргийг ажиллуулж түүнд залуус идэвхтэй хамрагдсаар байгаа билээ. Мөн уг үйл ажиллагааны нэг хэсэг болох “Транспэрэнси интернэшл” (Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн) МЗХ-той хамтран “Сэрэх цаг боллоо” авлигын эсрэг 10 дүрмийг нийгмийн идэвхтэй залуучуудын мөрдлөгө уриалга болгох, тэднийг урамшуулан уриалах, авлигын эсрэг зохион байгуулагдаж буй ажлуудыг олон нийтэд таниулан сурталчилах зорилгоор “Сэрэх цаг боллоо” ток шоуг өнгөрөгч бямба гаригт МҮОНТ-д зохион байгууллаа. Энэхүү шоунд ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х. Баттулга, залуучуудын оролцооны байгууллагуудыг төлөөлөн МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат, МЗХ-ны ОНХХ-ийн дарга С. Бадмаараг, олны танил залуучуудыг төлөөлөн реппер Н. Цэцэнбилэг, АСА циркийн жүжигчин СТА Э. Лхагва-Очир, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн “Барс” группын тэргүүн Ч. Амарбаатар, АТГ-ын соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн коммисар Б. Бат-Отгон, АТГ-ын олон нийттэй харилцах ажилтан Т. Билгүүн, МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч. Нэргүй, их дээд сургуулиудыг төлөөлөн “Монгол” дээд сургуулийн захирал, Гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг оролцож Монголд авлигыг хэрхэн бууруулах, цаашид ямар ажил хийвэл үр дүнтэй байх талаар нээлттэй ярилцаж санал бодлоо солилцсон юм. Уг нэврүүлгийн үеэр ҮХАА-н сайд, УИХ-ын гишүүн Х. Баттулга Засгийн газрын гишүүдээс хамгийн түрүүнд “Авлига Би авахгүй, Би өгөхгүй” аянд нэгдэж гарын үсгээ зурсан юм. Харин хувийн хэвшлийн байгуулгуудаас “Барс” группын тэргүүн Ч. Амарбаатар нэгдэж байгаагаа илэрхийлж мөн гарын үсгээ зурсан. МЗХ нь Транспэрэнси интернэшл (Даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн)-тэй хамтран зохиож байгаа эхний томоохон ажил нь энэхүү “Сэрэх цаг боллоо” ток шоу байсан бөгөөд цаашид ч авлигын эсрэг залуучуудаа уриалсан олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш