logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Next Stop” наадмын үе үеийн шилдгүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Next Stop” наадмын үе үеийн шилдгүүдийг хүлээн авч уулзлаа

2012/12/19
 “Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, төр нийгмийн зүтгэлтэн бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос шилдэг залуу улс төрч, эдийн засагчдыг алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.
Энэхүү наадмаас төрөн гарсан нийт 24 залуу удирдагч нарыг өнөөдөр эргэн харахад Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Ерөнхий сайд 5, Сайд 13, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан байна. Харин XXI зууны сүүлийн арван жилд Монгол орны нийгэм улс төрийн амьдралд онцгой хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсныг “Сүүлийн арван жилийн хүн”-ээр тодруулж өргөмжлөлийг 1999 онд түүний ах С. Баяр гардан авч байв. Энэхүү харшийн наадмаас төрөн гарсан үе үеийн шилдэг залуу лидерүүдийг харахад ирээдүйн удирдагчдыг тодорхойлсоор ирсэн бөгөөд шилдгээр тодорсон залуучууд хожим улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, манлайлагчид болсон нь “Next Stop” харшийн наадмын нэр хүнд, чансааг өргөсөн юм.
2012 оны 12-р сарын 13-нд төрийн ордонд “Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан”-аас хамтран зохион байгуулдаг “Next Stop” харшийн наадмын анхны “Оны шилдэг залуу улс төрч”-өөр тодорч байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй үе үеийн 24 шилдэг улс төрч, эдийн засагч нар чуулж, тус наадмын 20 жилийн ойн арга хэмжээний талаар санал солилцлоо. Зохион байгуулагчид “Next Stop” харшийн наадмын 20 жилийн ойг “Сүү өргөж амьдаръя” нэртэйгээр тэмдэглэхээр төлөвлөжээ.
Уулзалтын эхэнд “Монголын залуучуудын холбоо”-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлсэн үгэндээ “Эрхэм Ерөнхийлөгч өө, он оны шилдэг улстөрч, эдийн засагч, бизнесмэн та бүхэн бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж байна. “Next Stop” харшийн наадмын шилдгээр шалгарч явсан залуучууд, бидний бахархал болсон хүмүүс энд хүрэлцэн иржээ.
Энэхүү наадам 2004 он хүртэл шилдгүүдээ тодруулж, нийгэмд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Найман жил завсарласны дараа энэхүү наадмыг буцаан сэргээх шаардлага нийгэмд үүсч, ач холбогдол нь та бүхнээр илрэн гарч буйг бид бэлхнээ харж байна. 1992 онд “Оны шилдэг залуу улстөрч”-өөр шалгарсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бид хүсэлт тавьсны дагуу энэхүү уулзалт зохион байгуулагдсан. Энэхүү уулзалтын гол зорилго нь “Next Stop” харшийн наадмыг сэргээж, нийгэмд эзлэх байр суурь, үүрэг хариуцлагыг нь хэрхэн сайжруулах талаар санал солилцоход оршиж буй юм” гэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн саналаа илэрхийлэхдээ “Оны шилдэг залууг тодруулах уламжлалыг сэргээх тухай шийдвэр оновчтой гэдэгт итгэж байна. Миний зүгээс гурван зүйлийг хэлье гэж бодсон юм. Өмнө нь шалгаруулалт шударга ил тод явдаг байсан. Тухайн үед нийгэмдээ үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн төлөөллийг гаргаж чаддаг байсан. Энэ уламжлал цаашид хадгалагдана гэдэгт итгэж байна. Хоёрдугаарт, нэгэнт нийгэм эдийн засгийн салбараас шалгарсан тухайн хүн өөрөө тодорхой хариуцлага хүлээдэг. Иймээс тухайн шилдэг залуу нийгэмд буруу үлгэр дууриал үзүүлж, хазгай гишгэх эрхгүй болдог. Эцэст нь хэлэхэд энэхүү арга хэмжээ шинэ жилээр тохиох учраас архи дарсгүй, өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, зохион байгуулалттай байх хэрэгтэй. Энэ бүхний дагуу наадмын үйл ажиллагаа эргэж сэргээсэй гэж хүсч байна” хэмээв.
Дараа нь оны шилдэг залуу шагналын үе үеийн эзэд болох Н.Золжаргал, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, З.Энхболд, Н.Баяртсайхан, Л.Гүндалай, М.Энхболд, У.Барсболд, П.Батсайхан нар санал бодлоо илэрхийллээ.
Мөн энэ үеэр “Залуу удирдагч сан”-г эргүүлэн сэргээх асуудал яригдаж шийдвэрлэгдлээ.
Ийнхүү “Оны шилдэг залуу” шалгаруулдаг “Next Stop” наадам 2012 оны шилдэг залуугаа шалгаруулах боллоо. Хэн хэн энэ эрхэм алдрын эзнээр шалгарах бол!!
Ингээд та бүхэндээ 1992 оноос хойш тус наадмаас шалгарч байсан оны шилдэг залуу улс төрч, эдийн засагч, бизнесмэнүүдээ танилцуулж байна. Х.Оюундарь

 Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш