УИХ-ын 76 бүрэлдэж хараахан амжаагүй л байна. Гэхдээ чамлахаар чанга атга гэж хоёр бүсгүй нэг эр УИХ-ын гишүүний тагаргаа саяхан өргөсөн. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Д.Арвин гишүүн болсон даруйдаа МАН-ынхныг сандралд оруулаад амжсан. МАН Д.Арвиныгаа нүд үзүүрлэж, айлын шоовдор хүүхэд болгох гэж байгаад эргээд өөрсдөө “Гологдсон хүүхэн”-дээ гологдож орхив бололтой. УИХ-ын гишүүний хүндэт сууринд 12 жил суусан Д.Арвин гишүүн энэ удаад УИХ-ын гишүүн болсон даруйдаа МАН-аас гарах өргөдлөө мутралсан байна. МАН-ынхан “Арвин намаасаа гарахгүй” гэж сандран хэвлэлийн хурал зарласан бол АН-ынхан “Өнөөдөртөө Арвин МАН-ын гишүүн” гэсэн учир битүүлэг мэдээллүүд олны тааврыг өөрийн эрхгүй төрүүлэхэд хүргэж буй. Гэхдээ МАН-аас гарах сургаар алгаа тосон сууж байсан АН-ынхан ч бас Арвин гишүүний алсын бодлыг буруу тааварласан бололтой. Нэг үгээр бол Д.Арвин гишүүн дээр уралдаж байсан МАН, АН байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорч байгаа бололтой. Хэрхэхийг тэнгэр мэдэг гэдэг гэж нөхцөл байдал бүрхэгдсэн үед хүмүүс хэлдэг дээ. Түүн шиг хаачихыг Д.Арвин гишүүн л мэдэж дээ.