logo
Төрийн байгуулалтын байнгын хороо  анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

2012/12/20

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн болон дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн, Ажлын хэсгээс оруулж ирсэн гуч шахам саналаар санал хураалт явуулж дууслаа.

Санал хураалтын үеэр Ажлын хэсгийн оруулсан гурван ч санал хэлэлцүүлэгдэн унасан юм. Түүнчлэн найруулгын шинжтэй 17 саналаар хураагдсан санал дэмжигдсэн.

Дараа нь уг хуулийн төслийн “санал хураах өдрийн” талаар санал гаргасан зарим гишүүний санал цөөнхөд тооцогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл гаргасан саналынхаа талаар тодруулга хийж, амралтын өдөр олдоод буйд шүүмжлэлтэй хандсан. Тэрээр амралтын өдрийн боломжийг зөв ашиглах, зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг амралтын өдөр санал хураалтыг явуулах бодолтой буйгаа, энийгээ ч зөв гэдгийг хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт арай онцлогтой гэдгийг хэлж, амралтын өдрөөр санал өгөх нь дээр, ажлын өдөр заавал санал өгөх шаардлагагүй хэмээн тайлбарласан.

Харин үүн дээр арай өөр саналтай буйгаа Д.Эрдэнэбат гишүүн хэлсэн бөгөөд нэгэнт хуулинд тусгагдсан тул дэмжээд явбал ямар вэ гэв. УИХ-ын гишүүн С.Баярцогт ч мөн “энэ асуудлыг тохирч, Ажлын хэсэг дээр дэмжигдээд оруулж ирэхэд одоо заавал манай туршлагатай гишүүд цөөнх болоод байгаа нь ойлгомжгүй” хэмээн хэллээ. Тэрээр асуудалд зарчимгүй байдлаар хандахгүй байх, нэгэнт маш ойлгомжтой зүйл дээр будилуулахгүй байхыг хэлж байсан.

Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүд сонгуулийн автоматжуулсан системийн тухайд эргэлзэнгүй байгаа тухайгаа хэлж байхад, зарим нь сонгуулийн санал авах, тоолох машин, техник хэрэгсэлд эргэлзэх хэрэггүй талаар саналаа хэлж, үүнийг иргэд, олон нийтэд зөв ойлгуулж чадах эсэх нь хамгийн түрүүнд улстөрчид биднээс шалтгаалах тул улс, орны эрх ашгийн төлөө явах нь чухал гэдгийг тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлсэн. Харин энэ тухайд эргэлзээ байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлж, түрүүн энэ талаар үгээ хэлсэн Д.Лүндээжанцан, Н.Энхболд гишүүний хэлснийг дэмжсэн.  Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол, Д.Батцогт нар үг хэлж, байнгын хорооны гишүүдийн дунд хэлэлцүүлэг нэлээд  өрнөсөн.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагалдах багц хуулиудыг хэлэлцэх үеэр сонгуулийн сурталчилгааны хугацаа, мөн сонгуулийн зардал болон хандивын асуудлаар гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлцгээлээ.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш