---2012 онд цагдаагийн алба хаагчдад "Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед хүний эрхийг хангах нь", "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь", "Нийгмийн хэв журам ба хүний эрх", "Охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд анхаарах асуудал" зэрэг хүний эрхийн талаарх шаардлагатай сэдэв, чиглэлээр мэдлэг, ур чадварын сургалтуудыг зохион байгуулав.
---"Эмнести интернэйшнл" төрийн бус байгууллагатай хамтран 2012 онд зохион байгуулсан сургалтын ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын хурлын зааланд зохион байгуулагдаж 2 байгууллагын төлөөлөл 2012 онд хамтран явуулсан ажлын үр дүн, 2013 онд анхаарах асуудлыг хэлэлцэв.
---Хэлэлцүүлэгт нийслэлийн хүрээний цагдаагийн байгууллагуудын сургалтын ажил хариуцсан алба хаагчид, "Эмнести интернэйшнл" төрийн бус байгууллагын захирал, ажилтнууд, сургагч багшаар бэлтгэгдсэн цагдаагийн алба хаагчид оролцлоо.
---Оролцогчид 2012 онд 2 байгууллагын хамтран явуулсан арга хэмжээ үр дүнтэй болсныг, эдгээрээс хүний эрхийн сургалтыг удирдан явуулах мэдлэг, чадвартай 11 цагдаагийн алба хаагчийг "Сургагч багш"-аар бэлтгэсэн нь цаашдын хамтын ажиллагаанд төдийгүй, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн сургалтын үр дүнд ахиц гарахад нөлөөлөх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж санал нэгтэй дүгнэв.
---Мөн цагдаагийн удирдах албан тушаалтнууд болон алба хаагчдын сургалтад хандах хандлагыг шинэчлэх, сургалтын удирдлага, зохион байгуулалт, арга, хэлбэрийг боловсронгуй болгох талаар анхаарах асуудлууд багагүй байгааг шүүмжлэн хэлэлцлээ.
---2013 онд сургагч багш нарын багийг бүрдүүлж хүний эрхийн сургалтыг зохион байгуулах, багш нарт болон цагдаагийн алба хаагчдын албаны хэрэгцээнд зориулсан хүний эрхийн гарын авлагыг боловсруулж, хэвлүүлэх, сургагч багш нарын заах арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг ирэх оны төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэхээр боллоо.