logo
Хүний эрхийн төлөв байдлын талаар хэлэлцүүлэг боллоо

Хүний эрхийн төлөв байдлын талаар хэлэлцүүлэг боллоо

2012/12/21
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд /2012.12.20/ Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Иргэний нийгмийн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзлатыг зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн “Хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг”-ийн зөвлөмжүүд түүний  хэрэгжилтийн талаарх асуудлыг хэлэлцсэн юм.
НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор 2008 оноос улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэж байхаар шинэ механизм хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын Үндэсний илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөр 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, 129 зөвлөмжийг баталсан аж. Үүний дагуу Монгол Улсын засгийн газар зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргасан юм.
Энэ талаар Засгийн газрын гишүүн, Гадаа харилцааны сайд Л.Болд мэдээлэл хийж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 
Хэдийгээр хүний эрхийн асуудал сүүлийн жилүүдэд хүчтэй яригдаж, хууль тогтоомжуудад уг асуудлыг тусгаж эхлэх хандлага ажиглагдаж эхэлсэн ч батлагдан гарсан хуулийг хэн, хэрхэн хэрэгжүүлж, ямар нөхцөл байдалд хүрсний дараагаар үр дүнг хэмжих вэ гэдэг асуудал хариултгүй хэвээр байгааг төрийн бус байгууллагын төлөөлөгчид хэлж байгаа юм. Түүнчлэн иргэний нийгмийн байгууллагуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх, нутагтаа амьдарч байгаа уугуул иргэдийн эрх ашгийг бизнесийн байгууллагуудын зохисгүй үйл ажиллагаанаас хамгаалах, гадаад байгаа иргэдийн эрхийг хамгаалах талаар тодорхой бодлого боловсруулах зайлшгүй шаардлага байгааг ч онцолсон. Тухайлбал, “Хүний аюулгүй байдлын судалгааны төв” ТББ-ын тэргүүн Л.Эрдэнэчулуун хэлэхдээ, “Хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад далд хэлбэрээр газар авч байгаа. Бид энэ асуудлыг сүүлийн тав, зургаан жил нухацтай судлаж байна. Гадаа харилцааны яамны хийсэн ажлуудаас сайн үр дүн өгч байгаа зүйл байгаа ч цаасан дээр бичигдэж үлдсэн зүйл ч багагүй байна. Жишээлбэл, БНХАУ-ын Эрээн хот Замын –Үүдийн цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж чадсан. Мөн Макао улстай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Гэвч энэ гэрээ хэрэгжихгүй байсаар хоёр жилийн нүүрийг үзлээ” гэв. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд болон Хүний эрхийн Үндэсний комиссыг Засгийн газрын үйл ажиллагаанд хүчтэй хяналтыг тавих нөхцөл боломжоор хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбатаас хүсч байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш